Туркийн эрх баригчид саяхан болсон газар хөдлөлтийн улмаас үй олон барилга бүтэн нурсанд буруутай байж болзошгүй барилгын болон гүйцэтгэгч компаниудын 180 хүнийг баривчилжээ. Энэ тухай ням гарагт Anadolu агентлаг мэдээлэв. Тус улсын Хууль зүйн сайд Бекир Боздакийн мэдэгдсэнээр, албан ёсоор саатуулагдаж, цагдан хоригдсон хүмүүсийн дотор 79 барилгачин, барилгын хуулийн талыг хариуцсан 74 хуульч, 13 өмчлөгч, барилга байгууламжийг сэргээн засварласан 18 хүн байгаа аж.
Олон тооны орон сууцны барилгуудын сүйрлийн шинж байдлаас үүдэн барилгын ажил эсвэл дараагийн дахин төлөвлөлтийн явцад ноцтой алдаа гаргасан гэж эрх баригчид үзэхэд хүрсэн байна. Олон өндөр барилгууд тэр чигтээ хажуу тийшээ нурж, доод давхруудаа даржээ. Орон нутгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь барилгын ажлын явцад буруу тооцоо хийснээс суурийн доорх хөрсний элэгдэлд орсон эсвэл барилгын төлөвлөлтийг өөрчлөх, өргөтгөх зорилгоор зарим бүтцийг нурааснаас үүдсэн байх магадлалтай юм.
Энэ сарын 6-нд Туркийн зүүн өмнөд болон тус улстай хиллэлдэг Сирийн бүс нутагт 7 баллын хүчтэй хоёр удаа газар хөдлөлт болсон юм. Хоёрдугаар сарын 25-ны байдлаар Турк, Сири улсад энэхүү байгалийн гамшигт нэрвэгдэгсдийн тоо 50 мянга даваад байна.