Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль болон “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 71 дүгээр тогтоол, Засгийн газраас баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох болсон. Тодорхой хэлбэл, Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд, эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгодог.
Тэгвэл хоёрдугаар сарын 16-нд нийт хүүхдийн 91 хувь болох 1151.3 мянган хүүхдэд хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө олгосон байна. Улмаар хоёрдугаар сарын 20-нд үлдсэн хүүхдийн мөнгийг олгохоо мэдэгдэж байсан. Үлдсэн хүүхдүүд гэдэгт мэдээлэл бүртгэл нь зөрүүтэй өрхүүд хамаатай гэнэ. Өөрөөр хэлбэл, Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдол гарсаар тул иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулах шаардлагатай аж. Түүнчлэн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн гуравдугаар сарын мөнгийг энэ сард урьдчилж олгожээ.
Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой.