Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннинотой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлж, өмнөө тавьсан нийтлэг зорилтуудаа хэрэгжүүлж, тодорхой үр дүн гаргаж ажиллахаа илэрхийлэв. Өнгөрсөн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гарын үсэг зурсан “Ойн түншлэлийн тухай” баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тохирч, “замын зураглал”-ыг ойрын хугацаанд батлахаа талууд нотлов.
Үүнээс гадна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх бага хуралд оролцох үеэрээ Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-тай уулзав. Уулзалтын үеэр талууд өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалыг амжилттай хэрэгжүүлсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид талууд Монгол, Японы харилцааг Энх тайван хөгжил цэцэглэлийн төлөөх тусгай стратегийн зарчмаар улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотлов.