Сүүлийн арван жилд Япон Улс эдийн засгийн хүчин чадлаа бэхжүүлэхэд их анхаарч байсан. Гэтэл Солонгосын хойгийн байдал тогтворгүй болж, Тайванийн эргэн тойронд хурцдах эрсдэл нэмэгдсэн нь Токиог цэргийн хүчээ бэхжүүлэхэд аргагүй хүргэж байна. Ойрын үед батлан хамгаалахад зарцуулах төсөв нь хоёр дахин нэмэгдэж, Өөрийгөө хамгаалах хүчин нь дайсныхаа нутаг дэвсгэрийн гүнд анхааруулах цохилт өгөх боломж, хэрэгсэлтэй болох шаардлага тулгарав.
Хятад, Орос улс батлан хамгаалах шинэ стратегидаа Японыг милитарист дэглэм рүүгээ эргэлээ гэж харсан. Тэгвэл НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг сая Японд айлчилсныг ирээдүйн дайны удиртгал гэж Умард Солонгос нэрлэлээ. Харин Япон энэ бол хөршүүдийн зүгээс учруулж болзошгүй аюулд аргагүйн эрхэд үзүүлж буй хариу үйлдэл гэж мэдэгдэв.
Өнгөрсөн оны улс төрийн ноцтой үйл явдлууд дэлхийн бүх орны хувьд, түүний дотор Японд мөрөө үлдээхгүй байж чадсангүй. Украинд болж буй дайн, Ази, Номхон далайн бүс нутаг дахь тайван бус байдлыг сэтгэл түгшин ажиглаад Японы Засгийн газар 2022 оны арванхоёр дугаар сарын дундуур Үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратегийг батлав. Япон Улс “Дэлхийн II дайн дууссанаас хойш аюулгүй байдлын салбартаа хамгийн хүнд, төвөгтэй байдалтай нүүр тулгарлаа. Тиймээс цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй алхам хийхэд хүрлээ” хэмээн уг баримт бичигт өгүүлсэн байна. Олон удаа мэтгэлцсэний эцэст дайсан этгээд тус улсын нутаг дээр байгаа бай руу пуужингаа харвахаас урьтаж түүний командын байр, баазад “сөрөг цохилт” өгөх хэрэгслийг Япон Улс Өөрийгөө хамгаалах хүчиндээ олгохоор түүнд тусгажээ. Үүний тулд хол зайд байгаа байг устгах чадалтай шинэ зэвсэг Японд хэрэгтэй тул “Тype12” пуужингийнхаа тусгалыг нэмэгдүүлж, 1600 километр зайд тусах чадалтай “Томагавк” далавчит пуужин Америкаас худалдаж авах шийдвэр эрх баригчид нь гаргалаа.
Ирэх таван жилд шинэ зэвсэг худалдаж авахад Японы Засгийн газар 38 тэрбум ам.доллар зарцуулна. Шинэ пуужинг байрлуулах ажлыг 2026 онд хийхнь. 2027 онд цэрэг, дайны хэрэгцээнд 43 их наяд иен (315 тэрбум ам.доллар) зарцуулахаар төлөвлөж, цэргийн төсвөө тогтмол хоёр дахин нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1-2 хувьд хүргэн, НАТО-гийн орнуудтай адил түвшинд очих юм. Цэргийн салбарт хийх судалгаа, боловсруулах ажилд энэ онд зарцуулах хөрөнгө нь өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгдэв. Шинжээчдийн тооцоолсноор 2027 он гэхэд Японы жил тутмын батлан хамгаалах төсөв 80 тэрбум ам.долларт дөхөж, бусад улс энэ төрлийн зардлаа нэмэгдүүлэхгүй нөхцөлд дэлхийн гурав дахь үзүү лэлт болох аж. Өнөөгийн байдлаар энэ зард лаар Америк, Хятад тэргүүлж яваа.
Энэ оны нэгдүгээр сард Японы Ерөнхий сайд Фүмио Кишида “Их долоо”-гийн орнуудад зочиллоо. Эдгээр улсын дээд хэмжээний уулзалт энэ онд Хирошимад болох юм. Фүмио Кишида Лондонд айлчлахдаа Британи, Японы газар нутаг дээр харилцан биенийхээ цэргийг байрлуулах тухай хэлэлцээрт Риши Сунактай гарын үсэг зурав. Япон нэг жилийн өмнө тийм тохиролцоог Австралитай хийсэн. Энэ оны нэгдүгээр сарын 11-нд Вашингтонд Америк, Японы Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар уулзаж, үйл ажиллагааны хүрээгээ сансраас довтолгоон хийх хүртэл өргөжүүлэхээр бас тохиролцсон билээ. Энэ уулзалтаас өмнө довтолгоог хуурай газар, далай тэнгис, агаарт болон кибер орон зайд хийх гэрээтэй байсан юм. Түүнээс гадна агаараас, пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүчийг хөгжүүлэх, дайсны хөлөг онгоц, усан доогуур явагч завьтай тэмцэх холбоотны хүчээ зузаатгахаар мөн тохиролцсон. Талууд бас зэвсэглэл, батлан хамгаалах технологийг цаашид хамтран боловсруулахаар шийдсэн. Тив хоорондын, Япон, Америкийн хамтарсан пуужин бий болгоход арлынулсын мэргэжилтнүүд урьд нь оролцож байсан. Цаашдаа дуунаас хурдан зэвсэг бий болгоход ч оролцож байв.
Умард Атлантын эвсэлтэй ч Япон хамтын ажиллагаагаа идэвхжүүллээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нэгдүгээр сарын 31-нд Токиод ирж, хоёр өдрийн айлчлал хийв. Тэрбээр Японыг “ойрын, эвслийн бусад түншээсээ илүү чадалтай” гэж үнэлээд, уламжлалт салбарууд болон кибер орчин, сансар, цэргийн технологийн хамтын ажиллагаагаа цэгцлэхээр ярьж тохирлоо. Брюссель дэх НАТО-гийн төв байранд Японы төлөөлөгчийн газар нээхээ Фүмио Кишида зарлав. Япон давшилтын зэвсэг Украинд нийлүүлэхгүй ч зэвсэгт хүчинд нь нисгэгчгүй онгоц, сум үл нэвтрэх хантааз, хамгаалалтын малгай, өвлийн хувцас, асар майхан, фото аппарат, эмнэлгийн хэрэгсэл болон санхүүгийн тусламж үзүүллээ. Энэ сард Японы төлөөлөгчид Украинд очихоор төлөвлөж байна.
Дэлхийн II дайнд ялагдсанаас нь хойш АНУ олон талаар Японд туслах учиртай болсон юм. Хоёр улсын харилцаа тэгш бус, зарим талаараа Америкийн цэргийн эзлэн түрэмгийлэл үргэлжилж байсан бөгөөд холбоотны анхны гэрээг 1951 онд байгуулж, Японы нутаг дэвсгэр дээр зэвсэгт хүчин, цэргийн баазаа байлгах АНУ-ын эрхийг бэхжүүлж, бусад улс довтолсон тохиолдолд Азийн энэ улсыг хамгаалах талаар түүнд тодорхой тусгаагүй байв. Тэгсэн хэрнээ Японы эрх баригчидтай урьдчилан зөвлөлгүйгээр Зүүн Азид цэргээ зөөж, хөдөлгөхийг АНУ-д зөвшөөрсөн байна. 1960 онд гарын үсэг зурсан шинэ гэрээ тэгш бус байдлыг арай багасгаж, гуравдахь улс Япон руу довтолбол АНУ түүнийг хамгаалах үүрэг хүлээлгэсэн аж. Дональд Трамп Ерөнхийлөгч байхдаа цэргийн зардлаа нэмэгдүүлэхийг удаа дараа уриалж, “Япон руу хэн нэгэн довтолбол бид дэлхийн гуравдугаар дайнд оролцох болж байна. Харин бидэн рүү дайрвал Япон бидэнд туслах үүрэг хүлээгээгүй. Тэд дайныг “Sony” телевизээрээ хараад сууж байх болно” хэмээн эгдүүцэж байсан юм. Тус хоёр улсын төр, засгийн тэргүүнүүд солигдсон, гэхдээ сүүлийн саруудад Японы бодлого Трампын шаардаад байсанд ихээхэн ойртож байх шиг. Өөрийн цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүс нутгийнхаа асуудалд оролцох нь ихсэж, Орос, Хятадын тухайд АНУ-ын явуулж буй бодлогыг үг дуугүй дэмжиж буй нь эвсэл чанарын шинэ түвшинд гарсныг харуулж байна хэмээн Тама их сургуулийн профессор Брэд Глоссерман тэмдэглэв. Энэтхэг, Номхон далайн бүс нутагт АНУ-ын баримталж буй стратегид Япон тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, АНУ-ын хамгийн чухал холбоотон, түнш нь болж байна.
АНУ-тай тогтоосон харилцаагаа Япон өндөр үнэлж, цаашдаа цэргийн хэлхээ холбоогоо бэхжүүлэх өөр түнш хайхгүй байгаа гэж Оросын ШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Японд ОХУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Александр Панов хэлжээ. “АНУ-гүйгээр өөрийгөө батлан хамгаалах боломж бийг тэд олж харахгүй байна” гэж тэрбээр онцолсон аж. Гэтэл Японд заналхийлж буй аюул багагүй байгаа юм. Умард Солонгос л гэхэд өнгөрсөн онд Японы зүгт хамгийн олон пуужин харвасны нэг нь тус улсын нутаг дээгүүр өнгөрч, нөгөө талын эргийн ойролцоо тэнгист унасан билээ. Хятадын цэргийн хүчин чадал улам бүр өсөн нэмэгдэж, Тайвань дахь түгшүүртэй байдал хадгалагдсаар буйнь сэтгэлийг нь ихээхэн түгшээж байгаа юм. Украин дахь үйл явдал Хятадын хувьд өдөөгч болж, тус арлын асуудлыг шийдэхэд нөлөөлөх вий гэж Япон эмээж буй. Зүүн Ази маргааш дараагийн Украин болохыг үгүйсэх аргагүй. Бүс нутагт нь зөрчил тэмцэл үүсвэл Ази, Номхон далайн районд АНУ-ын цэргийн үндсэн хүчийг байрлуулж ирсэн Япон гарцаагүй овоо хараанд нь орохыг эндхийн эрх баригчид сайн ойлгож байна. Эцэст нь Сенкаку арлын статусын талаар Хятад, Япон хоёр олон жил маргалдаж, БНХАУ-ын хөлөг онгоцнууд түүний эргээр байнга явж байдаг юм. Дайнд Америкийн талд оролцох үүрэг Япон хүлээгээгүй ч үйл явдлын ийм өрнөлд хэдийнээ бэлтгэж эхлээд Нэгдсэнулсын эрх ашгийг цэрэг, дайны аргаар ч хамгаалахад бэлнээ харуулаад байгаа билээ.
Япон Улс батлан хамгаалах бодлогоо эргэж харахад Украин дахь үйл явдал голлох үүрэг гүйцэтгээгүй. Гэсэнч Оросын заналхийлэл төдийгүй БНХАУ-тай түүний цэргийн хамтын ажиллагаа идэвхжиж, Японы эргийн ойролцоо тэнгисийн болон агаарын хүчний хамтарсан сургуулилалт хийгээд байгааг нь аюултай гэж үзэж буйг Александр Панов тэмдэглэсэн байх юм. Тэгвэл Японы хүчин чармайлтыг Орос аюултай гэж төдийлөн үзэхгүй байгаа ч тус улсын милитарист санаархлыг нь буруутгаж, Алс Дорнодод түүнийг тогтоон барихад хүрэлцэх хэмжээний байлдааны хүч хэрэгсэл төвлөрүүлээд байна. Орос, Японы харилцаа улам бүр муудаж буй. Урьд нь цэргийн төлөөлөгчид харилцан солилцож, тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийдэг байсан бол одоо энэ тухай бодохоо ч байж. Итгэлцлийн бүх арга хэмжээ бүрэн зогсож. Улс төрийн яриа хөөрөө ч бүрмөсөн байхгүй болж.
Олон улсын тогтворгүй байдал Японыг батлан хамгаалах стратегиэ эргэн харж, цэргийн хүчин чадлаа ихээхэн нэмэгдүүлэх шийдвэр гаргахад голлох үүрэг гүйцэтгэж байна гэж хэлж болно. Энэ үйл явдал ердөө өчигдөр эхэлсэн ч юм биш, Япон өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд цэргийн хүчин чадлаа ашиглах эрхтэй “хэвийн улс” болох шаардлагатай талаарх маргаан арлын орны улстөрчдийн дунд, шинжээчдийн дотор олон арван жил байсаар ирсэн юм. 1946 онд эзлэн түрэмгийлсэн цэргийн штабын хараан дор баталсан Японы Үндсэн хуульд тус улсыг цэргийн хүч хэрэглэх, арми байгуулахыг хориглож, милитарист Япон толгойгоо өндийлгөхөөс ийн сэргийлэхээр АНУ шийдсэн нь үүнд гол саад болж байсан. Шударга ёс, дэг журам дээр үндэслэсэн олон улсын энх амгалан байдлыг Японы ард түмэн эрхэмлэж, дайн дажин, зэвсэгт хүчнийг олон улсын маргаантай асуудлыг шийдвэрлэх хэрэгсэл болгож ашиглахаас үүрд татгалзсан байдаг. Армийн оронд зөвхөн батлан хамгаалах зорилгоор Японы нутаг дэвсгэр дээр л ашиглаж болох Өөрийгөө хамгаалах хүчнийг 1954 онд байгуулсан билээ.
Хүйтэн дайн төгсгөл болсноор АНУ-ын үзэл суртлын гол дайсан ЗХУ оршин тогтнохоо больж, тус эвслийн ирээдүй бүдгэрч, Японы өмнө салаа зам бий болов. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, тодорхой бус байдал нэмэгдсээр одоогийн “хэвийн бус” нөхцөлд Япон Улс үндэсний эрх ашгаа хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгийн үнэ цэнтэй гишүүн байж чадахгүй гэж үздэг хүмүүсийн дуу хоолой чанга сонсогдох болсон. 2014 онд Шинзо Абэгийн Засгийн газар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Японд заналхийлээгүй ч байсан Өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчнээ сайн харилцаатай орнууд руугаа илгээхийг зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн юм. Санхүү, техникийн үлэмж хэмжээний дэмжлэг үзүүлснээр одоогийн байдлаар Японы Өөрийгөө хамгаалах хүчин дэлхийд тавдугаарт орохуйц хүчирхэг болоод байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Япон төдийгүй түүний эргэн тойронд их зүйлөөрчлөгдөж, Үндсэн хууль нь энэ байдалд нийцэхээ больсон гэж Абэ үздэг байснаас Өөрийгөө хамгаалах хүчний талаар Үндсэн хуульдаа ойрын үед өөрчлөлт оруулах тухай ярьдаг байв. Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж Шинзо Абэ огцорсон ч 2022 оны долдугаар сард амиа алдах хүртлээ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг уриалсаар байсан. Түүнийг бодлогыг одоогийн Ерөнхий сайд Фүмио Кишида үргэлжлүүлж байгаа юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант