Манай улсын агаарын тээврийн салбар хүнд сорилттой нүүр тулаад байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул намжиж, улс орнууд хорио цээр, хязгаарлалтын дэглэмээ сулруулан, одоо л нөхцөл байдал дээрдэх нь гэсэн хүлээлттэй байтал агаарын тээврийн “хоригт орсон” нь үүнд нэрмээс болов. Орос, Украины дайнаас үүдэлтэй хямрал, зөрчил, хязгаарлалт олон орны эдийн засаг, тэр дундаа аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт шууд болон шууд бусаар нөлөөлсөн ч Монгол Улс хамгийн ихээр хохирол амсаж буй юм. Учир нь, олон улсын зах зээл, ялангуяа Европоос жуулчин хүлээж авдаг манай орны агаарын гол, дөт замууд хойд хөршийн нутаг дэвсгэрээр дайрдаг нь улс хоорондын сөргөлдөөнөөс үүдэлтэй хязгаарлалтын улмаас зорчигчдын урсгал хаагдах, зогсох нөхцөл болжээ.
Агаарын тээврийн урсгалыг харуулсан нэгэн зураг олон нийтийн сүлжээнд саяхан тархсаныг уншигчид санаж буй байх. Монгол орны нутаг дэвсгэрт хамаарах агаарын орон зай хоосон шахам атал түүнийг тойрсон хэсэгт түгжрэл үүсээ юү гэмээр олон тооны онгоц нисэж байгаа харагдсан. Угтаа тэр зураг бол хэтрүүлэгтэй, эсвэл зохиомол зүйл биш, яг л одоогийн нөхцөл байдлын баримт юм. Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ынхан ч “Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа агаарын хөлгийн тоо 2020-2022 онд эрс буурсан. ОХУ, Украины зөрчлийн улмаас олон орон өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн хойд хөршид хориг арга хэмжээ авснаар агаарын замаа ашиглуулахгүй байх шийдвэр гаргасан. Одоогоор БНХАУ, ОХУ, АНЭУ, ХБНАЭУ-ын агаарын тээвэрлэгчид манай улсаар дамжин өнгөрч байна. 2022, 2023 оны нэгдүгээр сард Монголын нутаг дэвсгэр дээгүүр зорчсон агаарын хөлгийн тоог 2019 оны мөн үетэй харьцуулахад 80 гаруй хувиар буурсан” гэсэн мэдээлэл өгөв.
Агаарын тээврийн салбарын орлого 2019 он хүртэл жил бүр 10 хувиар тогтмол өсжээ. Тухайлбал, Монгол Улс цар тахал нүүрлэхээс өмнөх жилд олон улс болон орон нутгийн хэмжээнд 1.6 сая орчим зорчигч тээвэрлэн, 133 мянга гаруй агаарын хөлгийг нутаг дэвсгэр дээгүүрээ аюулгүй өнгөрүүлж, эл салбараас 498 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Үүний 32 хувь буюу 156 тэрбумыг навигацын орлого буюу дамжин өнгөрөх нислэгийн хураамжаас бүрдүүлжээ. Харин 2020 оноос салбарын орлого эрс буурч эхэлснээр агаарын замаас төвлөрүүлдэг мөнгөний хэмжээ ч асарихээрбагасаад байна. Тус салбарын орлого 2020 онд 224, 2021 онд 189, 2022 онд 215 тэрбум төгрөг болж буурчээ. Энэ нь коронавирусийн өмнөх үеийнхээс 56-63 хувиар багассан үзүүлэлт аж. Харин дамжин өнгөрөх нислэгийн тоо 72 хувиар буурчээ. Манай улс 2019 онд түүхэндээ хамгийн олон буюу 133 613 агаарын хөлгийг нутаг дэвсгэрээрээ зорчуулж байсан бол 2020 онд 71 442, 2021 онд 68 715, өнгөрсөн жил 37 565 болж эрс цөөрч. Зөвхөн энэ төрлийн үйлчилгээний хураамжаас төвлөрүүлдэг орлогын хэмжээ жил дараалан буурсаар 2022 онд 62 тэрбум төгрөг болов. Дөрвөн жилийн өмнөх үеийнхээс 61 хувиар багассан гэсэн үг. Дийлэнх улс орон хатуу хориг, хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлсэн цар тахлын ид үед манай улсаар дамжин өнгөрөх нислэгийн тоо 47-49 хувиар буурсан бол улс төрийн нөхцөл байдлаас улбаатай агаарын замын хязгаарлалтын нөлөөгөөр ийнхүү түүхэн доод түвшиндээ хүрээд (72 хувиар буурсан) байна.
Агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж, олон орны Засгийн газартай энэ чиглэлээр хэлэлцээр хийсэн тухай мэдээлэл сүүлийн үед цөөнгүй сонсогдох боллоо. Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, мөн эдийн засгаа богино хугацаанд сэргээх зорилготой урт, богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан зохих түвшний байгууллагууд нислэгийн давтамж, зорчигчийн урсгал нэмэгдүүлэхэд анхаарч, тодорхой арга хэмжээнүүд авсаарбайна. Тухайлбал, манай улс аялал жуулчлалын зорилтот зах зээлээ хэмээн тодорхойлсон БНСУ, БНТУ, Япон Улс руу долоо хоногт үйлддэг байсан нислэгийнхээ тоог 20-40 хувиар нэмж, 34-70 болгоод буй. Тэрчлэн орон нутагт томоохон нисэх буудал байгуулах, багтаамж сайтай агаарын хөлөг оруулж ирэх, нислэгийн шинэ маршрут бий болгох, агаарын тээврийг либералчлах зэрэг асуудлыг Засгийн газрын түвшинд өдгөө ярьж байгаа юм. Гэвч агаарын орон зайн ашиглалтыг сайжруулж, тив хоорондын холбоос болсон гол замуудыг нээхгүй л бол зорчигчдын урсгал хэчнээн хэмжээгээр нэмэгдээд ч энэ салбарт дорвитой ашиг төвлөрүүлж чадахгүй байх магадлал өндөр. Учир нь, манай улс агаарын тээврийн салбарын орлогынхоо зонхилох хувийг дамжин өнгөрөх нислэгээс төвлөрүүлдэг. Нөгөө талдаа жуулчид аль дөт, хямд өртөгтэй нислэгээр явахыг эрмэлздэг. Гэтэл Монгол орны хувьд олон улсын жуулчдын 70 орчим хувийг хүлээж авдаг байсан гол урсгал хаагдчихсан учраас зарим газар луу тойруугаар явахаас аргагүй нөхцөл бүрдсэн. Европын жуулчид Истанбул, Франкфурт, Бишкек гэсэн цөөн чиглэлийн шууд нислэгээр л манай оронд ирэх сонголтгүй сонголттой нүүр тулаад буй.
Монгол Улсад үүсээд буй бэрхшээл, нөхцөл байдалтай холбогдуулан Зам, тээрийн хөгжлийн сайдын тушаалаар ИНЕГ өнгөрсөн онд агаарын замуудаа шинэчлэн тогтоосон. 94 агаарын замаас тогтмол ашигладаггүйг нь халж, үндсэн 33 чиглэл тогтоосон билээ. Үүнийг “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтуудын нэг гэдгийг албаныхан онцолсон бөгөөд Монгол Улсын агаарын орон зайг ашигтайгаар шинэчлэн зохион байгуулах ажлын эхлэл хэмээн дурдсан байдаг. Тэрчлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагын дагуу үүнийг хийхээс аргагүйд хүрснийг мэргэжилтнүүд өгүүлсэн юм. Ингэснээр манай улс агаарын замынхаа 80 хувийг шинэчилж, 33 чиглэлд, 23 орны 100 хот руу нислэг үйлдэх боломж бүрдсэн. Гэвч үүнээс хойш дорвитой ахиц дэвшил, өөрчлөлт гарсан зүйл алга. Агаарын тээврийн салбарын орлого 2020 оны хэмжээнд ч хүрсэнгүй. Харин ч дамжин өнгөрөх нислэгийн тоо цар тахлын өмнөх үеийнхээс 72 хувиар буурсан үзүүлэлт гарав. Үүнээс үүдээд энэ шинэчлэлийг ул суурьтай судалгаа шинжилгээ, тоо баримтад үндэслэж, оновчтой хийж чадсан, эсэх асуудал сөхөгдөж байна.
Бас нэг баримт дурдъя. 2023 он гарснаас хойш Монгол орны нутаг дэвсгэр дээгүүр 2109 агаарын хөлөг нисжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс бас л эрс буурсан үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлбэл, дамжин өнгөрөх нислэгийн тоо жилээс жилд улам цөөрч буй гэсэн үг. 2020 оныхтой харьцуулахад зорчигч, олон улс болон орон нутагт үйлдсэн нислэгийн тоо тус хугацаанд эрс өссөн ч агаарын тээврийн салбарын орлого нэг их өөрчлөгдөөгүй байгаа юм. Коронавирусээс өмнөх үед манай улсаар жилд дунджаар 130 мянга, хоногт 450- 500 нислэг дамжин өнгөрдөг байсан бол өдгөө жилдээ чүү ай 50 мянга, өдөрт 70-80 агаарын хөлөг бүртгэдэг болж. Нэг агаарын хөлгөөс зам ашиглалтын төлбөр, хураамжид 600-900 ам.доллар авдаг гэхээр бид ямар их хэмжээний боломж алдаж байгаа нь ойлгогдох биз ээ.
Монгол Улсын Засгийн газар 2025 он гэхэд дамжин өнгөрөх нислэгийн тоог 250, олон улс болон орон нутгийн нислэгийг 500 мянгад, салбарын орлогыг нэг их наяд төгрөгт хүргэх өөдрөг бөгөөд том зорилт дэвшүүлсэн. Зөвхөн энэ онд 1.5, ирэх жил хоёр сая зорчигч агаараар тээвэрлэх төлөвлөгөө баталсан. Одоогийн нөхцөл байдлаас харахад эл зорилт биелэх магадлал тун бүрхэг, агаарын тээврийн салбар “дөнгө”- тэй хэвээр. Салбарынхан нь ч өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрч буй. Агаарын тээврийг либералчлах, агаарын орон зайн ашиглалтыг сайжруулах гэсэн хоёр том асуудал тус салбарын хөгжилд жинтэй сорилт болж байна.