Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарлаад буй. Үүний хүрээнд тодорхой шийдвэрүүд гаргаж, жуулчдад ээлтэй, нээлттэй орон болох чиглэлд анхаарч эхэлсэн. Тэгвэл энэхүү санаачилгыг олон нийтэд танилцуулах зорилготой арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт боллоо. Үүнд БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зочид буудлуудын болон Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбооны төлөөлөл, “Хүннү эйр”, “Номадик трэйлс”, “Покет трэйвэл” зэрэг ХХК-ийн удирдлага оролцов.
Монголд зочлох жил санаачилгын хүрээнд холбогдох байгууллагууд хамтран аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөөг боловсруулжээ. Эл төлөвлөгөөнд манай улс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн байна. Тодруулбал, нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд 200, жуулчлалын оргил үе буюу зургадугаар сараас есдүгээр сард 550, үүнээс хойш их гурван сард 250 мянган аялагч хүлээж авах тооцоо гаргажээ. Энэ төлөвлөгөө биелбэл аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-ий 11.5 хувийг эзлэх хэмжээнд буюу 200 сая ам.долларт хүрэх боломжтой гэж үзсэн байна. Цаашлаад 2024 онд 1.6, 2025 онд хоёр сая жуулчин хүлээж авах зорилт тавьжээ. Ингэснээр тус салбараас төвлөрүүлэх орлогын хэмжээг 2-2.5 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэнэ.
2023 онд агаарын тээврээр 1.5, 2024 онд хоёр сая зорчигч тээвэрлэх зорилт тавьж, энэ чиглэлээр 39 орны Засгийн газартай хамтран ажиллаж байгааг албаныхан мэдээллээ. Түүнчлэн Япон Улсруу долоо хоногт 60, БНСУ руу 70, БНТУ руу 34 удаа нислэг үйлдэх боломж бүрдүүлснийг дурдаад, манай улс энэ жил том оврын дөрвөн онгоц оруулж ирэхээр төлөвлөснийг хэлэв.