Энэ амралтын өдрүүдэд нийслэлчүүд “Улаанбаатарын өвлийн наадам”-аа зохион байгуулах гэж буй. Тэгвэл үүнтэй зэрэгцээд баян хонгорчууд “Түйн голыг жавар”-ыг үргээх нь. Орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих, Халх Монголын өв соёлыг сурталчлах зорилготой уг арга хэмжээг энэ удаа Баянхонгор аймгийн ЗДТГ, БОАЖГ тэргүүтэй зургаан байгууллага хувийн хэвшлийнхний дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна. Тэдарга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөрөө хэдийн гаргасан бол тус аймгийн Гар урлалын холбооныхон мөсөн хотхон байгуулах ажлыг төрийн байгууллагынхантай хамтран эхлүүлжээ. Долоо дахь удаагийн мөсний баяр хоёр өдөр үргэлжлэх юм байна. Энэ үеэр тэшүүр, мөсөн сур, мөсний шагайн тэмцээн, “Ice drift” буюу авто уралдаан явуулахаар төлөвлөсөнгэнэ. Мөн үндэсний хувцастай сайхан хос, шилдэг мөсөн баримал, хээрийн цайны амт шалгаруулах тэмцээнтэй. Ням гарагт “Цагаан сар” үзэсгэлэн, худалдаа, ардын язгуур урлагийн тоглолт, шагнал гардуулах ёслол зохион байгуулснаар уг арга хэмжээ дуусах юм.