Цар тахлаас болж хэсэгхэн намжсан цагаачлалын хямрал АНУ-ын өмнөд хил дээр шинэ эрч хүчээр дүрэлзэж байна. Өмнөд Америкийн орнуудын цагаачид ядуурал, хүчирхийлэл, улс төрийн тогтворгүй байдлаас дайжих итгэл өвөрлөн хил орчмын бүс нутгуудад ирсээр байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн өмнөх амлалтаасаа буцаж, улс руугаа гадаадынхныг нэвтрүүлэх журмаа улам бүр чангалж, өмнөд хил рүүгээ анх очихдоо тэнд толгой хоргодож буй хүмүүсийн хэнтэй нь ч уулзсангүй. Америк мөрөөдлийг зорих замд нь цагаачдад ямар бэрхшээл тулгарч байгаа, хар тамхи үйлдвэрлэж, наймаалагчид хил орчмын энэ хямралыг хэрхэн ашиглаж, Байден яагаад амлалтаа “мартав”?
2021 оны аравдугаар сараас дараа жилийнх нь аравдугаар сар хүртэлх хугацаанд 2.3 сая цагаач АНУ-ын газар нутаг руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон нь дээд үзүүлэлт болсон байна. Тэдний бараг нэг сая нь буцжээ. Сүүлийн саруудад байдал улам төвөгтэй болов. 2022 оны 10-12 дугаар сард АНУ-ын Хил, гаалийн алба өмнөд хилийг нь гатлах гэсэн 717 мянга орчим тохиолдлыг бүртгэсэн нь сүүлийн хэдэн жилд үзэгдээгүй явдал байлаа. Бас 300 мянган хүн алжаасан хилчдийг мэхэлж, сэмхэн хажуугаар нь өнгөрч амжсан гэж “Fox news” мэдээлэв. Өмнөд хил дээр нь ирээд байгаа цагаачдын олонх нь Куба, Хаити, Венесуэл, Никарагуа улсын иргэд, гэхдээ тэдний дотор Төв болон Өмнөд Америкийн орнуудын харьяатаас гадна Афганистан, Иран, Оросын иргэд ч байгаа аж. Америк руу нэвтрэхээс өмнө дүрвэгчийн статус олж авна гэдэг тун хэцүү. Тиймээс цагаачдын олонх нь хилийг хууль бусаар нэвтэрч АНУ-д очсон хойноо ийм статус олж авахаар нэр хүндтэй албадад хандахыг илүүд үздэг байна. Ийм тохиолдолд хөөгдөж цөлөгдөөгүй цагаачдад шүүхийн шийдвэр гартал АНУ-д түр хугацаагаар оршин суухыг зөвшөөрдөг юм. Ийм үйл явц хэдэн жил сунжрах нь ч бий. Шинээр орж ирж буй цагаачдын нэлээд нь олон жил эрх баригчдаас нь нуугдаж энд амьдарсан мянга мянган хүмүүсийн дунд уусан шингэхэд найддаг байна.
Цагаачдын замд олон аюул тохиолдоно. Төрөлх орон дахь ядуурал, гуйланчлал, хүчирхийллээс зугтахыг эрмэлзсэн, аргаа барсан хүмүүс дамын наймаачид, хар тамхитай холбоотой гэмт хэрэгтнүүдийн золиос болох нь цөөнгүй. Перугийн иргэн 29 настай Хульета бүсгүйд ийм явдал тохиолдсон байна. Тэрбээр нийслэл хотод зар сурталчилгаа эрхэлдэг компанид удирдах алба хашиж байснаа хамтран ажиллаж байсан хүний байнгын заналхийлэл, түүнд орон нутгийн эрх баригчдын хайхрамжгүй хандлагаас болж эх орноосоо явахаар шийджээ. Хил хүрэх замд түүнийг болон бусад цагаачийг Мексикийн дээрэмчид хулгайлж орхижээ. Ингээд Хульета тэндхийн цэргүүд чөлөөлтөл зургаан хоног олзонд байв. “Мексикт аймаар байсан, гэхдээ намайг Перуд буцааж өгөх вий гэдгээс би илүүтэй айж байсан. Эх орондоо ч гэсэн би өөрийнхөө аюулгүй байдалд итгэхгүй байснаас тэр” гэж энэ эмэгтэй ярьсан байдаг. Хэдэн арван цагаачийн хамт энэ эмэгтэй Рио-Гранде голыг гатлахад цаад эрэг дээр нь тэднийг Америкийн хилчид хүлээж байв. Гэлээ ч бүгдэд нь Хульета шиг аз тохиосонгүй. Энэ оны нэгдүгээр сард Америкийн Үндэсний гвардын цэрэг Рио-Гранде голоос холгүй цагаачдын нэг рүү нь бууджээ. Аз болоход шарх нь аминд хүрэхээргүй байсан тул буудуулсан хүнийг эмнэлэгт хүргэж, гвардын цэргийг шалгаж эхэлсэн байна. Цагаачдад хилчид хэрцгий хандаж, хүч хэрэглэсэн аж. 2021 онд Нью-Мексико муж улсад нууцаар хил нэвтэрч байсан хүмүүсийг хилийн харуулын машин дайрч, хоёр хүн амиа алджээ. Мөн оны есдүгээр сард Америкийн морь унасан хилчид ташуур далайн цагаачдыг тууж явааг харуулсан дүрс бичлэг дэлхий даяар түгж байсан юм.
2022 оны арванхоёр дугаар сард Техас муж улсын Эль-Пасо хот цагаачдын хямралын жинхэнэ төв нь болж байв. Хотын захирагч Дональд Марго онц байдлын дэглэм тогтоохоос өөр аргагүй болжээ. Томоохон гудамж, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд майхан, оромж босгож, гудас, хөнжил хөглөрч, түүн дээр цагаачид хэвтэж, босож байх болсны дотор хүүхэд олон байлаа. Цагаачдын зарим нь бэл бэнчингүй, байснаа хил нэвтрүүлсний хариуд дамын наймаачдад өгч, заримынх нь мөнгийг Мексикийн дээрэмчид хамчихсанаас тэд балчир хүүхдүүдтэйгээ хүйтэн шөнийг гудамжинд өнгөрөөж байжээ. Харин сайн дурын хан тэдэнд гараа сунгаж, дулаан хувцас, хөнжил дэвсгэр өгч байсан гэнэ. Эль-Пасод цагаачдыг байрлуулах хэд хэдэн газар бэлтгэсний дотор католик шашны Ариун зүрх гэдэг сүм ч орж, удалгүй байр, оромж хүрэлцэхээ больсон аж. Сүмийн эргэн тойронд майхан хотхон бий болж, сайн дурынхны авчирсан хоёр автобусанд цагаачид дулаацаж, гар утсаа цэнэглэхтэйгээ болсон байна. Венесуэлээс ирсэн 22 настай Жереми Мехиа “Ерөнхийлөгч Байдены сэтгэлийг бурхан зөөлрүүлж, биднийг тус улсад үлдээгээсэй билээ. Өршөөх сэтгэлээр хандахыг хүсэж залбирч байна, цагаачид бидэнд туслаач. АНУ-д биднийг гэрэлт ирээдүй хүлээж байх болтугай” гэсэн үгтэй илгээлтийг Жо Байденд уламжилж өгөхийг сэтгүүлчдээс гуйжээ.
Мексикийг зорихынхоо өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нэгдүгээр сарын 8-нд өмнөд хил рүүгээ анх удаа очжээ. Уг нь бол хямрал олон сар үргэлжилж байв. Түүнийг ирэхэд Эль-Пасод хачирхалтайгаар хөл татарч, Байден цагаачдын төвийн ажилтнуудтай ярилцчихаад ганц ч цагаачтай уулзалгүй буцаад явчихав. Хил дээр ч түүнийг зөвхөн хилчид л хүлээж байжээ. Эль-Пасод цагаачид бараг байхгүй болсон байв хэмээн Цагаан ордноос мэдэгдэв. Байденыг ирэхээс өмнө тус хотод цагаачдыг хоморголон баривчилж, заримыг нь автобусаар Мексик рүү зөөсөн аж. Эрх баригчдын энэ үйлдэл хилчид төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, улстөрчдийн ч зэвүүг хүргэсэн байна. “Манай хилчид, хууль сахиулах байгууллагынхан өдөр тутам юутай нүүр тулгардгийг түүнд (Байденд) харуулж яагаад болдоггүй юм” хэмээн БНН-аас Конгресст сонгогдсон Маира Флорес эгдүүцэж байжээ.
Хуулийн үйлчлэлийг чангаруулснаас Америкийн хилчид нөөцөөр дутагдаж, зах зээлд хоосон орон зай бий болсныг Мексикийн мансууруулах бодис үйлдвэрлэж, борлуулагчид ашиглахаар шийдэж, героиноос 50, морфиноос 100 дахин хүчтэй үйлчлэлтэй нийлэг хорт бодис (фентинал)-ыг цагаачидтай хамт Америкийн өмнөд хилээр цутгаж эхэлсэн байна. Энэ бодисыг хэтрүүлэн хэрэглэх нь 18-45 насны америкчуудын үхлийн гол шалтгаануудын нэг болж байна гэж “Washington post” үзжээ. Үүнээс шалтгаалж долоон минут тутам нэг америк хүн амиа алдаж буй юм байна. Жанель Родригез, Брендон Дан нар 2022 оны наймдугаар сард 15 настай хүүгээ алджээ. Хүү Ноа нь нэг ширхэг фентинал уусан байна. “Үүргэвчинд юм уу, цүнх, халаасанд хийж дамлаж худалдах зорилгоор авчирсан ямар ч хэмжээтэй фентинал хүмүүсийг мянга мянгаар нь хөнөөж байна” гэж хүүгийн эцэг Дан Конгрессын сонсгол дээр хэлжээ. Энэ бодисын ихээхэн хэсгийг цагаачид биш, Америкийн иргэд өөрсдөө авчирдаг аж. Тэгвэл фентиналын цар тахал цагаачдын хямралтай шууд холбоотой, хилчид дамын наймаачдыг илрүүлэхийн тулд цагаачдын урсгалтай хэт зууралдаж байна гэж БНН үзэж буй.
Цагаачдын талаар явуулах бодлого Америкийн дотоод бодлогын хамгийн маргаантай асуудлын нэг юм. Өөрийнх нь өмнө Ерөнхийлөгч байсан Дональд Трамп улс орон руугаа гадаадынхны нэвтрэх журмыг хэтэрхий хатуу болгосон, Мексиктэй залгаа хил дээрээ хана босгосон гэж Жо Байден сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа үед байнга шүүмжилж байсан билээ. Түүний амлалтуудын дотор Мексикийн хил дээр хана босгохыг болиулах, цагаачлалын шударга, хүмүүнлэг тогтолцоо бий болгох асуудал гол байр эзэлж байв. Гэвч Цагаан ордонд хоёр жил болоход түүний баг гэмт бүлэглэлийн үйлдэл, гэр бүлийн хүчирхийллээс зугтсан цагаачдад амласан бодлогоо хэрэгжүүлсэнгүй, харин ч Мексикийн хил дээрх ханыг үргэлжлүүлэн барьсаар байгаа юм. Нөгөөтэйгүүр, хилийг нууцаар давж орж ирсэн цагаачдыг нэн даруй гаргаж, Мексик рүү буцааж, тэдэнд хоргодох байр олгох боломж олгохгүй байх шийдвэрийн 42 дугаар заалтыг хэрэгжүүлэхээр тууштай арга хэмжээ авахгүй байна хэмээн Жо Байденыг шүүмжилж байна. Дональд Трамп цар тахалтай тэмцэх зорилгоор тогтоол гаргасныг ардчилагчид эрс шүүмжилж байсан юм. Байдены засаг захиргаа эхлээд маргаантай байдлыг арилгахын төлөө тэмцэж байснаа цагаачдын хямрал хурцадмагц хязгаар лалтаа нэмэгдүүлэв. Хөтөлбөрт урьд нь Мексик болон Төв Америкийн хэд хэдэн орны иргэн хамрагдаж байсан бол 2022 оны аравдугаар сард Цагаан ордон хязгаарлалтаа өргөтгөж венесуэлчүүдэд үйлчлэх болгосон. Нэн даруй хөөн гаргах шийдвэр нэгдүгээр сарын 5-наас Куба, Никарагуа, Хаитигийн цагаачдад хамааралтай болов. Оронд нь дөрвөн улсад сар бүр 30 мянган хүний квот олгов. Хэрэв АНУ-д ивээн тэтгэгчид бий бол бас тэд нисэх онгоцоор ирвэл тэдгээр улсын иргэд Америкт хоёр жил байх зөвшөөрөл авч болно. Цагаачдын тоо ер бусаар өсөж, түүнд Засгийн газар хяналт тавьж чадахаа байлаа гэж Конгрессын Эрх зүйн хорооны дарга Жим Жордан мэдэгдэв. Тэрбээр “Манай улсад ирж буй цагаачдын тоог нэмэгдүүлсээр, шударгаар хэлбэл үүнийг зориуд хийсэн ажиллагаа гэж би бодож байна” гэж тэрбээр хэлсэн байна. Сөрөг хүчний намаас сонгогдсон Конгрессын гишүүд цагаачдын хямрал АНУ-ын аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна, үүний буруутан нь одоогийн Засгийн газар гэж үзсээр ирэв. “Манай хил нээлттэй байна, энэ бол аюултай. Мансууруулах бодис, олон улсын алан хядагчид, гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд, дэлхийн хаанаас ч хүмүүс цутган орж ирж байна” гэж БНН-ын Энди Биггс дуу алджээ.
Цар тахал түр намдсан ч АНУ-ын өмнөд хил дээр хямрал улам бүр нэмэгдсээр, цагаачдыг яах вэ гэсэн асуудал тус улсын эрх баригчид хийгээд нийгмийн өмнө босож ирээд байна. Энэ асуудалд Ерөнхийлөгч Байдены хандаж буй байдал улс төрийн хүчний ноцтой шүүмжлэлд өртөж, түүний үйлдлийг хангалтгүй байна гэж БНН-ынхан үзэж байхад ардчилагчид Төрийн тэргүүнээ хэтэрхий хатуу ширүүн байр суурьтай, сонгуулийн өмнөх амлалтаа зөрчиж байна хэмээн дүгнэж буйаж. Ийн Цагаан ордон галын хайчинд орчихоод байна. Нэг талаас өнгөрсөн оны аравдугаар сараас венесуэлчүүдэд хязгаарлалт тогтоосноос тэднийг нууцаар хил нэвтрэх явдлыг бараг 90 хувиар бууруулжээ. Хязгаарлалтыг өргөжүүлснээр Куба, Никарагуа, Хаитигаас цагаачид ирэх нь зогссон байна. Нөгөө талаас цар тахал төгсгөл боллоо хэмээн хэдэн сарын өмнө Ерөнхийлөгч зарласан нөхцөлд дээр өгүүлсэн 42 дугаар заалтыг цуцлах бодлоосоо эрх баригчид татгалзахгүй байгаа нь утга учиргүй явдал болж байна. Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль хаяанд ирчихээд байхад хоёр дахь удаагаа нэр дэвшихээр төлөвлөж буй Жо Байденд энэ нь хохиролтой байх магадлалтай.
Бэлтгэсэн Р.Жаргалант