Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам “Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт” уриан дор үргэлжилж байна. Тус наадам снөүбоардын төрлөөр эхэлж, улсын аваргуудаа тодрууллаа. Насанд хүрэгчид, өсвөр үе, 14 хүртэлх насны ангилалд 40 тамирчин фрийстайл, параллель слалом төрөлд өрсөлдөв. 14 хүртэлх насны эрэгтэйчүүдээс параллель слалом төрөлд Төв аймгийн оролцогч долоон настай Т.Ирмүүн тэргүүн байр эзэллээ. Тэрбээр энэ спортоор хичээллэдэг тамирчдаас насаар хамгийн бага нь аж. Эмэгтэйчүүдээс параллель слалом, фрийстайл төрөлд Баянгол дүүргийн тамирчин М.Есүй түрүүлэв. Түүний хувьд өмнө нь УАШТ, улирлын нээлтийн болон клубүүдийн АШТ-д тус бүр аварга болсон юм. Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд улсын долоон удаагийн аварга Б.Дамдиндорж тэргүүлсэн байна.