Үхэл нь орчин үеийн Америк хүн бүрийн амьдралын хамгийн үнэтэй үйл явдлуудын нэгд тооцогддог гэж “The Washington Post” сонин бичжээ.
Оршуулгын газрын дундаж үнэ 15 мянган ам.доллар гэнэ. Тиймээс америкчуудын талаас илүү хувь нь ойр дотны хүмүүсээ оршуулах шинэ, хямд арга замыг хайж эхэлсэн тухай тус улсын Буяны газруудын үндэсний нийгэмлэг мэдээлжээ.
Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Дэвид Слоаны хэлснээр орчин үеийн оршуулгын ёслол бол байгаль орчныг хамгийн их бохирдуулагчдын нэг аж.
“Ногоон оршуулгын зөвлөл” (GBC) ашгийн бус байгууллагын мэдээлснээр АНУ-д оршуулгын газарт жилд 64 мянган тонн ган, 1.6 сая тонн бетон, 4 сая гаруй галлон буюу занданшуулах шингэн ашигладаг юм.Үүнээс гадна цогцос чандарлах бүрт нь автомашинаар 800 км явахтай тэнцэх хүлэмжийн хий ялгардаг.
Буяны ажлын бизнес эрхлэгчид уг эрэлт хэрэгцээг харгалзан, оршуулгын хямд төдийгүй байгаль орчинд ээлтэй аргыг олжээ.
Террамирдах буюу хүний биеийг бордоо болгох гэдэг нь хүний бие байгалийн жамаар биологийн бууралтад орох үйл явцыг хэлнэ. Тодруулбал цогцсыг дулаан ган саванд хийж, дотор нь ус, гялгар хучлага, задралыг хурдасгадаг бичил биетүүдийг нэмдэг. Ингээд 45 хоногийн дараа талийгаачийн цогцос ердөө нэг шоо метр хэмжээтэй шимт хөрс болж хувирдаг аж. Уг бордоог төрөл төрөгсөд нь буцааж авах юмуу эсвэл АНУ-ын Холбооны засгийн газар ой модыг нөхөн сэргээх зорилгоор худалдаж авдаг юм байна.
Байгальд ээлтэй буюу "ногоон" оршуулга нь АНУ-д хамгийн алдартай хоёр дахь шинэ төрлийн буяны ажиллагаа гэнэ. Талийгаачийн цогцсыг дулаан хөнжил юм уу хувцсаар хучиж мод, хулс, картоноор хийсэн биологийн задралын саванд хийдэг. Харин талийгаачийг занданшуулах, булшны чулуу тавихыг хориглодог.
Эл хувилбаруудыг Америкийн хотуудын хуучин аж үйлдвэрийн бүсүүдийг өөрчлөн зохион байгууладаг төрийн байгууллагууд санал болгож байна. Тэдгээр байгууллагууд оршуулгын зардлыг төлж, үйлдвэрийн газруудыг нөхөн сэргээхэд ашигладаг аж.
Гурав дахь арга нь усанд чандарлах хувилбар гэнэ. Талийгаачийн цогцсыг халуун шүлтлэг хүчилтэй саванд дүрэх буюу шүлтлэг гидролизийн үйл явц юм. Зөөлөн эдүүд хэдхэн цагийн дотор шингэж, ясыг тусад нь нунтаг болгодог аж. Үр дүнд нь давс, элсэн чихэр, амин хүчлээр баялаг шингэн бий болдог аж. Энэ хольцийг тариаланчид шим тэжээлийн бордоо болгон ашигладаг аж.