Туркийн өмнөд бүс нутаг болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо зогсолтгүй нэмэгдсээр байна. Орон нутгийн цагаар 12.00 цагийн байдлаар мянга гаруй хүн амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Харамсалтай нь энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь сая гаруй хүн амтай Газиантеп хотын ойролцоо байсан бөгөөд Сири, Ливан, Ирак, Армен, Гүржийн нутаг дэвгэрт ч мэдрэгдсэн байна.
Гамшиг Туркийн хилийн ойролцоо оршдог 30 мянга гаруй хүн амьдардаг Сирийн Харим хотыг газартай тэгшилжээ. Ромын ээнт гүрний үед баригдсан Туркийн Газиантеп цайз, ЮНЕСКО-гийн бүртгэлд бүртгэгдсэн Сирийн Алеппо дахь цайз зэрэг хоёр мянга орчим барилга байгууламж сүйдсэн гэнэ.
Байшин барилгаас гадна дэд бүтэцэд ч хохирол учирсан байна. Туркийн Хатай мужийн нисэх онгоцны буудлын нислэгийн зурвас бүрэн эвдэрсэн бөгөөд Кахраманмараш, Газиантеп хотын нисэх онгоцны буудлууд иргэний нислэгүүдээ зогсоожээ.
Хатай мужийн Топбогазы тосгонд хийн хоолой дэлбэрч, хоёр газарт гал гарчээ. Европын Газар судлалын хүрээлэнгүүд мэдээлж буйгаар Туркийн цагаар 13 цагийн орчим тус улсын төв хэсэгт дахин 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлийн төв нь Эльбистан хотоос өмнө зүгт 10 км-т байв. Хоёр дахь газар хөдлөлт эхнийхээсээ дутахааргүй сүрэл авчирч болзошгүй ч одоогоор хохирлын талаар мэдээлэл гараагүй байна.
Ийм хүчтэй газар хөдлөлт Туркэд 1939 оноос хойш болоогүй аж.