“Мөрөөдлийн театр”-ынхан ирэх сарын 1-нээс шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэй уулзахаар төлөвлөж буйгаа зарлалаа. Тэд энэ удаа Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны “Шөнө амталсан нулимс” жүжгийг тайзнаа тоглохоор бэлтгэл сургуулилалт хийж байна. Энэхүү жүжгийг анх 2005 онд Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа тоглож, үзэгчдийн хүртээл болгож байсан бол үүнээс найман жилийн дараа “Хайрын жүжгийн сар” аяны хүрээнд дахин толилуулсан аж.
Ц.Балдорж агсан “Хачин хүн”, “Элсний нүүдэл”, “Хориотой жүжиг”, “Хайрын виз”, “Хэрээ”, “Өв залгамжлагчид”, “Зул цэцэг” зэрэг олон кино, жүжгийн зохиол, өгүүллэг бичсэн бөгөөд “Шөнө амталсан нулимс”-аараа 2005 онд “Гэгээн муза” наадмын “Шилдэг зохиолч” номинацын эзэн болж байжээ. Тус жүжгийн дууг өмнө нь Гавьяат жүжигчин С.Жавхлан олны сонорт хүргэж байсан бол энэ удаа “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярын шинэчилсэн найруулгаар түүний шавь, “The voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Э.Дашням, Г.Даваадалай нар хамтран дуулжээ.