Монголын гимнастикийн холбооны спортын гимнастикийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийнхан ОХУ-ын Благовещенск хотод зохион байгуулсан 23 дахь удаагийн олон улсын тэмцээнд дасгалжуулагч Б.Мөнхсайханы удирдлагад оролцжээ. Тэд 12 багийн 130 гаруй тамирчинтай өсвөр нас, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөв. Тэмцээнд эрэгтэйчүүдээс З.Тэнгис харайлтын төрөлд хүрэл, бариултай морины төрөлд алтан медаль авчээ. Эмэгтэйчүүдээс О.Маргад-Эрдэнэ дамжуургын төрөлд алтан медаль хүртэв. Тус тэмцээний дараа спортын гимнастикийн эмэгтэйчүүдийн өсвөр үеийн шигшээ багийнхан БНСУ-ын Ченчуон хотын гимнастикийн төрөлжсөн сургалттай сургуульд хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Хамтарсан бэлтгэл ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ. Уг бэлтгэлд хамтрагдсан тамирчид Турк улсын Анталья хотод ирэх сарын 29-нд эхлэх ДАШТ-д оролцох юм.