Японд улсад 2022 онд гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн нь сүүлийн 20 жилд ажиглагдаагүй үзүүлэлт болсон тухай үндэсний цагдаагийн газрын мэдээллээс иш татан “Kiodo” агентлаг мэдээлэв.
Тодруулбал, өнгөрсөн онд 601.39 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2021 онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн байна.
Японы хууль сахиулах байгууллагууд насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж болзошгүй 115.73 мянган хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн 84.5 мянган хэргийг илрүүлжээ. Энэ хоёр үзүүлэлт 2021 онтой харьцуулахад мөн л өссөн байна.
Мөн санхүүгийн гэмт хэрэг, тэр дундаа залилангийн гэмт хэргийн тоо эрс өсжээ. 2022 онд санхүүгийн гэмт хэргийн хохирогчдод учирсан нийт хохирол 36,14 тэрбум иен (ойролцоогоор 281 сая ам.доллар) болсон нь өмнөх оны мөн үеэс 28,2%-иар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн кибер халдлагын аргаар барьцаалж мөнгө нэхсэн гэмт хэрэг 57.5 хувиар өссөн байна.
Хүнд, ноцтой гэмт хэргийн тоо 2022 онд 8,1 хувиар нэмэгдэж, 9,54 мянгад хүрсэн байна. Хамгийн их шуугиан тарьсан нь Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насыг хөнөөсөн хэрэг байв.
Статистик мэдээллээс харахад өнгөрсөн оны хавраас хойш гэмт хэргийн тоо аажмаар нэмэгдэж байгаа нь коронавирусийн эсрэг тавьсан хязгаарлалтыг цуцалсантай холбоотой байж магадгүй гэж тус агентлаг тэмдэглэжээ.