Аюулгүй байдлын салбарт түншлэлийн харилцаагаа өргөжүүлэх тухай шинэ тунхаглалд Европын Холбоо, НАТО хоёр нэгдүгээр сарын 10-нд гарын үсэг зурлаа. Украин дахь үйл явдал, Оросын зүгээс учруулах аюул нэмэгдэж байгаа нь биднийг ийм алхам хийхэд хүргэлээ гэж Европын Холбоо болон Умард Атлантын эвслийн төлөөлөгчид энэ үеэр мэдэгдсэн байна. Эхнээсээ эдийн засаг, улс төрийн нэгдэл байсан Европын Холбоо НАТО-гийн нэг салбар байж, түүний эрх мэдэлд орж буйг шинэ баримт бичиг нотлон харууллаа хэмээн Оросын тал сэтгэл түгшин тайлбарлав. “Валдай” клубийн шинжээч Дмитрий Суслов хэлэхдээ Европын Холбоо аюулгүй байдлаа яагаад тэр чигт нь эвсэл хийгээд түүний гол ивээн тэтгэгч НАТО-д даатгав, Европын голлох гүрнүүд яагаад үйл явдлын гадна үлдэв. Европын Холбоо НАТО-д ууссанаар Украин дахь зөрчлийн явцад хэрхэн нөлөөлөх бол. Харваас аюулгүй байдлын салбар дахь НАТО, Европын Холбооны үйл ажиллагааны уялдаа холбоог нэмэгдүүлэхээр талууд юуны урьд ярьж тохиролцжээ. Хоёрдугаарт, аюулгүй байдлын бусдаас үл хамаарах өөрийн гэсэн тогтолцоог хөгжүүлэх төлөвлөгөөнөөсөө Европын Холбоо татгалзаж байгаа юм байна. Тус хоёр байгууллагын гишүүн орнуудын хамтын аюулгүй байдлыг чухам НАТО л хэрэгжүүлнэ, НАТО-гоос тусдаа аюулгүй байдлын асуудлаарх ямар нэг дорвитой бүтэц бий болгох чиглэлд европчууд ямар ч үйлдэл хийхгүй гэдгийг Европын Холбоо тунхаглаж буй аж.
Энэ нь Европын Холбоо болон НАТО нэгдмэл цул бүтэц болж байна гэсэн үг гэж үү? Умард Атлантын эвсэл, Европын Холбоог бүхэлд нь нэг юм болгох боломжгүй, яагаад гэвэл НАТО нь аюулаас хамгаалах байгууллага бол Европын Холбоо нь үйл ажиллагаагаа уялдан зохицуулсан цогцолбор бүтэц юм. Европын Холбоо батлан хамгаалах бодлоготой гэж тунхаглах боловч үнэн хэрэгтээ байхгүйтэй адил. Тэр тунхаглалд нь нотолсноор бол Европын Холбоонд наад зах нь дунд хугацааны батлан хамгаалах бодлого үндсэндээ байхгүй, энэ талаарх бодлого нь туслах шинж чанартай аж.
Тэгвэл НАТО, Европын Холбооны хамтарсан тунхаглалд юуг тусгаа бол. Европын Холбоо мэдээж цэргийн жижиг ажиллагаа явуулахад бэлтгэлтэй байна. Европын Холбооны аюулгүй байдлын салбар дахь бодлого нь эхнээсээ л батлан хамгаалахад чиглээгүй, харин НАТО-гийн энхийг эрхэмлэсэн ажиллагаа, хүмүүнлэг зорилгод зориулагдаж ирсэн, үүнд өөрчлөлт орохгүй. Энэ нь Африк, Ойрхи Дорнод юм уу, Дорнод Европт том цар хүрээгүй, цэрэг-цагдаагийн холимог, ердөө цагдаагийн, эсвэл энхийг сахиулах ажиллагааны тухай ярьж буй хэрэг. Европын Холбоо ийм бодлогоор цаашид явах болно.
Украин дахь хямралын дараа дэлхий дахинд юу нүүрлэх, үүнд Орос, Америк, Европ ямар байр суурьтай байх бол? 2023 оны эцэс гэхэд Европын Холбооны түргэн байрлах хүчнийг бий болговол Европын бие даасан батлан хамгаалах чадварын өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлөх бол? Ойрын хугацаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин АНУ-д трампизм байсаар байгаа болохоор хэтдээ өөрчлөгдөж болох юм.
Тиймээс Украины хямралыг зохицуулсны дараа, Хятадад АНУ анхаарлаа төвлөрүүлэхийн хэрээр тус тивийг хамгаалж, аюулгүй байдлыг АНУ удаан хугацаагаар найдвартай хангана гэдэгт Европын Холбоо дахин эргэлзэхэд хүрч болно. Одоогоор Америкийн чадал чансаа их байгаа. Ийм нөхцөлд Европын бие даасан хүчийг хөгжүүлэх нөөц хувилбар хадгалагдсаар байна. Гэхдээ ойрын ирээдүйд энд бодитой ямар нэг хөгжил дэвшил гарахгүй.
Эхэнд өгүүлсэн тунхаглалд гарын үсэг зурж, Европын Холбоо, НАТО-гийн хооронд батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн нь Украин дахь үйл явдалд хэрхэн нөлөөлөх бол? Украины хямрал үйл явдлын өнгийг улам тодруулав. Дональд Трампыг Ерөнхийлөгч байхад стратегийн автоном, аюулгүй байдлын салбар дахь бие даасан хүчний хөгжлийн чиг хандлага ихээхэн хүчтэй болсон нь үнэн. АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жо Байден сонгогдсоноор Атлантын харилцаанд байсан хямрал бүрэн сайжраагүй юм. Эсрэгээрээ АНУ-ын шинэ засаг захиргаа эхнээсээ Хятадад анхаарлаа хандуулсан байна.
AUKUS бий болсонтой холбоотойгоор Америк-Францын харилцаанд ан цав үүссэнийг эргэн саная. Энэ нь Европын холбоотнуудынхаа эрх ашгийг ч үл хайхран Ази дахь үйл хэрэгтээ Хятадын эсрэг өөрийн оролцоог хүчтэй болгохыг АНУ эрмэлзэж буйг энэ бүхэн харуулж байв. Тиймээс баруун европчууд, ялангуяа франц, германчууд өөрийн гэсэн стратегитай байх тухайд онцгойлон бодох болсон. Украины хямрал энэ хандлага чиглэлийг нь улам эрчимжүүлж байна. Украинд үзүүлж байгаа бүх тусламжийн, ялангуяа аюулгүй байдал болон цэрэг, дайны хүрээнд үлэмж хэсэг нь Америкийнх гэдгийг бид харж буй. Европын аюулгүй байдлын тогтолцоонд НАТО-гийн гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн байна. Тиймээс НАТО, Европын Холбооны хамтын ажиллагаа гүнзгийрэх нь Украинд цаашид цэрэг, дайны тусламж үзүүлэхэд хэрхэн нөлөөлөх бол? АНУ-ын байр суурь тэргүүлсэн хэвээр байх бөгөөд ямар тусламжийг Украинд хэр хэмжээгээр хуваарилах нь америкчуудын шийдвэрээс олон талаар хамаарна. Тэгэхдээ байгууллагын хийгээд субъектүүдийн хоорондын түвшинд харилцан тохиролцох шаардлага их гарна. Учир нь Европын Холбооны улсууд тус тусдаа хуваарилах, Европын Холбоо хуваарилах, бас АНУ-ын зүгээс хуваарилах тусламж гэж байдаг. Тодруулбал, “Leopard” танк нийлүүлэхийг шаардсан дарамт шахалт Польш, АНУ юм уу, НАТО-гоос төдийгүй Европын Холбооноос түүний зөвлөл, гадаад харилцааны аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Боррелийн зүгээс Германд ирсэн.
Европын Холбоо, НАТО хоёрын харилцаа үргэлжлэн ойртсоор байгаа нөхцөлд Умард Атлантын эвсэлд Европын орнуудын гүйцэтгэх үүрэг цаашдаа яаж өөрчлөгдөх бол? Европын аль нэг улс НАТО-гийн бодлогод ихээхэн нөлөөтэй болж ч болох бус уу? Баруун Европын орнууд үнэн хэрэгтээ аюулгүй байдлын асуудлаар нөлөө нь суларч буйг бид одоо харж л байна. Европын Холбооноос гарсан ч эндхийн ажил үйлсэд өөрийн оролцоог алдахгүй байхыг эрмэлзэж буй Британи НАТО, Европын Холбоо хоёр ойртохыг асар их сонирхож байгаа. Тус улс нөлөө бүхий бөгөөд Европ тив хийгээд Умард Атлантын аюулгүй байдлын салбарт шийдвэр гаргахад түүний гүйцэтгэх үүрэг цаашид бүхэлдээ нэмэгдэх магадлалтай. Энэ нь Еропын үйл хэрэгт Америкийн оролцоо, Европын Холбооны гэхээсээ илүү НАТО-гийн үүргийг нэмэгдүүлэхийн төлөө байдаг Польшийн статусыг ч бас хүчтэй болгож байгаа юм. Юуны түрүүнд Франц улс болон Германы Социал-демократ намын тухай ярьж буй хэрэг бөгөөд цаашдаа үргэлжлэн ярих болно. Яагаад гэвэл Германы улс төрийн бусад хүчний төлөөлөгчид, тухайлбал нөгөө “Ногоонтнууд”, түүнчлэн Гадаад хэргийн сайд Анналена Бербок Польшоос юугаар ч ялгарахгүй бодлого явуулна.
Европын Холбооны орнуудаас Франц, Германыг Умард Атлантын эвслийн өмнөөс ярих чадвартай лидерүүд гэж үзэж болно гэж үү? Тэд Европын Холбоон дотроо лидер байсаар ирсэн, цаашдаа ч тэр хэвээр байна, гэхдээ аюулгүй байдлын салбарт биш. Салбар нь эдийн засгийн бодлого хийгээд холбооны доторх интеграц, улс төрийн шийдвэрийнх байх магадлалтай. Ямар ч байсан аюулгүй байдлын асуудлаар биш байх болно. Франц үүнийг харин зөвшөөрөхгүйг хичээж байгаа. Тухайлбал, Украинд хөнгөн танк олгохоо түрүүлж зарлалаа. Балтийн орнууд, Польш, Словак улсууд Баруун Европын орнуудаас илүү дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ үлэмж хувийг Украиныг дэмжихэд зориулж байна. “Leopard” танк Украинд нийлүүлэх шийдвэр гаргахыг хүсэхгүй байсан Германы Канцлер Олаф Шольцыг сая тун эвгүй байдалд оруулж, үндсэндээ тулгаж байж танк өгүүлэхээр болголоо шүү дээ. Ийм танкийг Украинд өгөхдөө Германаас зөвшөөрөл авах шаардлагатай, зөвшөөрөлгүйгээр өгч болохгүйг мэдсээр байж Польш уг асуудлаар өөрөө дур мэдэн шийдвэр гаргаж буйгаа мэдэгдсэн.
Швед, Финланд улс эвсэлд элсчихвэл Европын Холбооны орнуудаас НАТО-д элсээгүй ердөө дөрвөн улс үлдэнэ. Европын Холбооны бүх улсыг НАТО ойрын ирээдүйд эгнээндээ оруулах магадлал их. Хэрэв ингэвэл Европын аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлэх бол? Швед, Финландыг НАТО-д элссэний дараа энэ үйл явц идэвхтэй үргэлжилж, Австри хийгээд бусад улс эвсэлд орж эхлэх нь юу л бол. Харж л байя. Бүх улс өөрийн бодол, төсөөлөл, гадаад бодлогын уламжлал, ашиг сонирхлын үүднээс аливаад ханддаг нь зүй. Гэхдээ ямар ч тохиолдолд дунд хугацааны хэтийн төлөвөөр Европын аюулгүй байдалд НАТО тэргүүлэх байртай байхад эргэлзэх зүйл үгүй. Тэгэхдээ энэ дунд хугацааны чиг хандлагыг тогтвортой гэж үзэх үндэслэл хомс. Орос, Өрнөдийн сунжирсан сөргөлдөөн Европын аюулгүй байдалд НАТО-гийн гүйцэтгэх үүрэг, тэргүүлэх байр суурийг хэвээр хадгалах нь ойлгомжтой. Тэгэхдээ 2014 онд Украины хямрал эхэлснээс хойш Трампын засаглал улс төрийн холбоотнуудынхаа харилцаанд тодорхой бэрхшээл бий болгож, ноцтой хямрал үүсгэхийг бид үзсэн. Цаашдаа энэ мэт хямралаас, ялангуяа Украины нутагт байлдааны ажиллагаа зогссон, сөргөлдөөн нэгэнт шийдвэрлэгдсэн, эсвэл царцаасан нөхцөлд НАТО бүрэн хамгаалагдсан гэж үзэхэд эргэлзээтэй. Шинэ хямрал үүсэхийг ч үгүйсгэхгүй. Тэр үед Европ хийгээд Европын Холбоонд стратегийн тодорхой бие даасан байдал чухал болох талаар яриа хэлэлцээний шинэ давлагаа ч үүсэж болзошгүй.
Бэлтгэсэн Р.Жаргалант