ОХУ-ын "нөхөрсөг" гэж үздэг орнууд Оросын банкуудын эсрэг тавьсан ЕХ-ны хориг арга хэмжэжэнд бүрэн нэгдэв. Энэ тухай мягмар гарагт болсон Росбанкны дэд ерөнхийлөгч Александр Рахманин мэдэгджээ.
Түүний хэлснээр Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират, тэр байтугай Казахстан, Узбекистан, Киргизстан, Туркменистан зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамах улсууд хориг хязгаарлалтад орсон Оросын зээлийн байгууллагуудтай хамтран ажиллахаас татгалзаж байна.
Оросын талаас хамгийн их найдлага тавьж байсан БНХАУ-ын банкууд болох Bank of China, ICBC, China Construction Bank ОХУ-ын банкуудын төлбөрийг хүлээн авахаас татгалзжээ.
Мөн юаниар арилжаа хийх замаар хязгаарлалтыг тойрч гарах боломж тэр болгон гарахгүй байна.
Хориг арга хэмжээг Туркийн банкууд ч чанд даган мөрдөж байгаа аж. Хар жагсаалтад орсон Оросын банкуудад лирээр (Туркийн мөнгөн тэмдэгт) корреспондент данс нээхээс татгалзжээ.
ОХУ-ын компаниуд хориг арга хэмжээний хязгаарлалтаас нуугдах зорилгоор бизнесээ их хэмжээгээр шилжүүлж байгаа АНЭУ-д ч асуудал үүсжээ. Тус улсын банкууд "жишээлбэл, Оростой худалдаа хийхдээ ам.долларыг дирхамаар бүрэн солихыг зөвшөөрөхгүй байгаа" гэж Рахманин хэлэв.
Дээрхтэй ижил асуудал Казахстаны тенге, Узбекийн сум, Киргизийн сом, Тажикийн сомтай тулгарчээ.
Оросын 20 гаруй банк барууны хориг арга хэмжээнд өртсөнөөс Сбербанк, ВТБ, БЭБ, Откритие, Россельхозбанк зэрэг 9 банк SWIFT-ээс тасарчээ.
Төрийн өмчит томоохон банкуудаас саяхныг хүртэл хийн төлбөрийн гол тулгуур болсон Газпромбанк л доллар, еврогоор төлбөр тооцоо хийх боломжийг хадгалсаар ирсэн ч 1-р сард Америкийн корреспондент данс руу нэвтрэх эрхээ алдсан байна