Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны анхны гран при тэмцээн Португал улсын Алмада хотод боллоо. Тус тэмцээнд Монголын 17 жүдоч дэлхийн шилдгүүдтэй хүч сорьсон ч нэг медальтай өндөрлүүлэв. Энэ сарын 29 буюу тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин, ОУХМО.Цэцэнцэнгэл хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаан хийв. Тэрбээр өнгөрсөн жилийн Загребийн гран прид ялагдсан, Нидерландын тамирчин Ян Спижкерстэй өрсөлдсөн юм. О.Цэцэнцэнгэл өрсөлдөгчөө хавирах мэхээр цэвэр ялж, хүрэл медаль зүүв. Ташрамд дурдахад, манай жүдочид Францад болох Парисын “Их дуулга”-д ирэх сарын 3-5-нд зодоглоно.