Манай улсын хилээр нэвтэрч буй гадаадын иргэд өнгөрсөн оны наймдугаар сараас эрүүл мэндийн мэдүүлгийн хуудас бөглөж эхэлсэн. Коронавируст халдварын мутацлагдсан хувилбарын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байгаатай холбогдуулан ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ийнхүү мэдүүлэг авч эхэлсэн юм. Тэгвэл Засгийн газар аялал жуулчлалыг идэвхжүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласантай холбогдуулан уг мэдүүлгийн хуудсыг цахимжуулсан талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн хорио цээрийн газраас мэдээллээ. Ингэснээр зорчигчид асуумж бөглөх гэж дугаарлаж зогсох, цаг алдах шаардлагагүй болжээ. “ArriveMN” аппликэйшнийг утсандаа суулгаж, бүртгэл үүсгэснээр эрүүл мэндийн мэдүүлгээ цахимаар урьдчилж өгөх боломжтой гэнэ. Уг аппликэйшнийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Гэрэгэ системс” ХХК хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлжээ.