Таллин дахь Элчин сайдын яамныхаа ажилтнуудын тоог мэдэгдэхүйц цөөрүүлсний хариуд ОХУ Эстонитай дипломат харилцааны түвшинг бууруулахаар шийдэж, тус улсын Элчин сайдыг Москвагаас явахыг шаарджээ. Эстонийн Гадаад хэргийн яам Оросын элчин сайдыг мөн өдөр эх орноосоо явах ёстой гэж мэдэгдэв.
Эстонийн Гадаад хэргийн яам нэгдүгээр сарын 11-нд хийсэн мэдэгдэлдээ ОХУ-ын элчин сайдын яамдын ажилчдын тоог тэнцүүлэх шаардлагатай байгаа тул хоёрдугаар сарын 1-нээс өмнө дипломат ажилчдынхаа орон тоог 8, техникийн болон үйлчилгээний ажилтнуудын орон тоог 15 хүртэл буруулахыг шаарджээ.
Украины мөргөлдөөний энэ үеэр ОХУ Эстони улстай харилцаагаа хөгжүүлэхгүй байгаа тул элчин сайдын яамыг одоогийн бүрэлдэхүүнээр ажиллуулах “үндэслэл байхгүй” гэж тус мэдэгдэлд онцолжээ.
ОХУ Гадаад хэргийн яам даваа гарагт Эстонийн Элчин сайдыг дуудаж, Эстонийн эрх баригчдын үйл ажиллагааг эрс эсэргүүцсэн байгаагаа илэрхийлэв . ОХУ-ын ГХЯ-ны тэмдэглэснээр, Эстонийн удирдлага Оростой тогтоосон бүхий л харилцаагаа сүүлийн жилүүдэд зориудаар сүйтгэж байна. Эстони улс найрсаг бус алхам хийж, "харилцаа таслах чиглэлийг баталгаажууллаа" гэж дипломат байгууллага мэдэгдэв.
Таллин дахь Оросын Элчин сайдын яамыг ихээхэн цомхотгосны хариуд Эстони улстай тогтоосон дипломатын зэрэглэлийг түр хамаарагч болгон бууруулжээ.
Москвагийн дээрх шийдвэрийн дараа Эстонийн Гадаад хэргийн яам ОХУ-ын Элчин сайд Владимир Липаевыг Таллин хотыг орхих ёстой гэж мэдэгдлээ.
Хожим Латви улс "Эстонитой эв санааны нэгдлийн үүднээс" ОХУ-тай 2-р сарын 24-ний өдрөөс эхлэн дипломат харилцааны түвшинг бууруулна гэж мэдэгдэв.
Балтийн гурав дахь улс Литва бүр 2022 оны тавдугаар сард Москвагаас Элчин сайдаа эргүүлэн татсан байна.