Манай улс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай боллоо. Үүнийг батлахгүй л бол гэмт хэрэг, зөрчил дийлдэхгүй нь, бидний ирээдүй хойч хохирч дуусах нь хэмээн хууль санаачлагч нь зүтгүүлсээр байгаад “ногоон гэрлээр” зам хөндлөн “гаргачихав”. Ингэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөж буй талуудын байр суурийг сонссонгүй. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулж, олон нийтээс санал авсангүй. “Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал” гэсэн сүржигнэлээр далайлгаад л УИХ-ын намрын чуулганы хаалтын өдөр яаруу сандруу батлуулчихлаа. Хууль тогтоогчид шаардлагатай тохиолдолд, өөрт ашигтай зүйлд хэрхэн нэгдэж, шуурхай “хөдөлдөг”-ийг энэ үйл явдал харуулав. Гэтэл нийгмийн хэрэгцээ шаардлага, цаг үеийн онцлогоос үүдэн хугацаа алдахгүй батлах шаардлагатай зарим хуулийн төслийг тэд хэдэн он дамнуулан “чагталж” байна. Үүний жишээ нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
Яаралтай хэлэлцэн батлах шаардлагатайгаар нь эрэмбэлбэл энэ хуулийн төсөл нэлээд дээгүүр жагсана. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиас лав илүү чухалд тооцогдохоор. Манай улсад гэр бүл салалт гаарсан. Гэрлэлтээ цуцлуулах хосын тоо жилээс жилд нэмэгдсээр буй. Хөрөнгийн маргаан, хүүхдийн тэтгэмжийн асуудлаа хэрхэн шийдэх талаар мэдээлэл, зөвлөгөө эрсэн, бусдаас тусламж хүссэн хүн олширсоор. Ерөөсөө өнөөдрийн нийгмийн хамгийн том асуудал нь гэр бүл салалт болсон. Гэтэл эрх баригчид, УИХ-ын гишүүд алгуурласаар, хугацаа алдсаар өнөөдрийг хүрэв. Зарим судлаачийн “УИХ-ын гишүүдэд Гэр бүлийн тухай хууль батлах сонирхол алга” хэмээн хэлсэн нь үнэний ортой байж ч болзошгүй.
1999 онд баталсан, одоо мөрдөж байгаа Гэр бүлийн тухай хуулийг судлаачид хэт хуучирсан гэж дүгнэдэг. УИХ-ын гишүүд ч эл хуулийг цаг үеийн хэрэгцээ шаардлага, орчин үеийн гэр бүлийн онцлог, амьдралын хэв маягт тохируулан өөрчилж, шинэчлэх хэрэгтэй гэж олон жил ярьсан. Бүр хэд хэдэн удаа хуулийн төсөл боловсруулахаар завдсан ч амжилт олоогүй. Өдгөө ХЗДХЯ, ХНХЯ-ны хамтарсан ажлын хэсэг үүн дээр ажиллаж байгаа. 2021 оны арваннэгдүгээр сард ХЗДХ-ийн сайдын тушаалаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг шинээр байгуулсан юм. УИХ-ын эмэгтэй гишүүд өнгөрсөн хавар “Бид энэ хуулийн төслийг хугацаа алдалгүй батлуулж, гэр бүлийн хариуцлагыг нэмэгдүүлнэ” гэж мэдэгдэж байв. Гэтэл үүнээс хойш бүхэл бүтэн найман сарын хугацаа өнгөрлөө. Ингэж ярьсан гишүүд ч таг чиг. Хуулийн төсөл боловсруулах ажил ямар шатандаа байгаа нь ч сураг чимээгүй.
Ажлын хэсэгт багтсан ХЗДХЯ, ХНХЯ-ны мэргэжилтнүүдээс үүнийг тодруулахад хэлэлцүүлэг, судалгаа үргэлжилж байгааг хэллээ. Гэр бүл салсан тохиолдолд хүүхдийн тэтгэмж төлөх эцэг, эхийн данснаас мөнгөн төлбөрийг шууд татдаг болгох, тэтгэмжийн хэмжээг орлогын 50 хувиас доошгүй байхаар тогтоох, хугацаандаа төлөөгүй бол 0.5 хувийн алданги тооцох зэрэг зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан талаар хууль санаачлагчид өнгөрсөн хавар мэдээлсэн нь нийгэмд талцал үүсгэсэн. Тэгвэл ажлын хэсгийнхэн хүүхдийн тэтгэмжийг олон улсын жишгээр, өөр түвшинд зохицуулахаар өргөн хүрээний харьцуулсан судалгаа хийж буйг ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын шинжээч М.Цолмон дурдав. Хүүхдийн тоо, эцэг, эхийн орлого, амьжиргааны түвшин зэргээс хамаараад тэтгэмжийг ялгаатай байдлаар тогтоох хувилбарыг хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, нэг хүүхэдтэй бол цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 30, хоёр хүүхэдтэй бол 40, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй тохиолдолд 50 хувиар тооцож тэтгэмж тогтоох нь зүйтэй гэж үзжээ. Цалин, орлогогүй бол амьжиргааны баталгаажих доод түвшнийг харгалзах гэнэ.
Гэрлэлт цуцлахдаа гэм бурууг үл харгалзан хөрөнгө хуваах зохицуулалтыг өдгөө мөрдөж байгаа. Тэгвэл шинэчилсэн найруулгын төсөлд гэм бурууг чухалчилж үзэхээр тусгажээ. Тодруулбал, шүүх тухайн гэр бүл яагаад салах болсон шалтгааныг харгалзаж, тодорхойлсны үндсэн дээр эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх аж. Хүүхдийг хэний асрамжид үлдээхийг шийддэг нөхцөл байдлын үнэлгээг илүү бодитой, сайн хийлгэхийн тулд шаардлага, шалгуурыг нь өндөрсгөхөөр болжээ. Үүнд мэргэжлийн байгууллагын судлаач, шинжээч, нийгмийн ажилтнуудыг оролцуулах нь.
Иргэний хуульд “Гэрлэгчдийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно”, “Гэрлэгчид өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно” гэж заасны дагуу гэрлэлтийн гэрээг хосууд сайн дураар байгуулах боломжтой. Тэгвэл үүнийг Гэр бүлийн тухай хуульд ямар байдлаар тусгавал зохистой талаарх судалгааг ажлын хэсгийнхэн хийж байгаа гэнэ. Түүнчлэн одоогийн хуулийн цоорхой болсон зохицуулалтыг өөрчлөх чиглэлд анхаарч эхэлжээ. Тухайлбал, эхнэр нь жирэмсэн болон хүүхэд нь нэг нас хүрээгүй тохиолдолд хосуудыг гэрлэлтээ цуцлуулахыг хуулиар хориглодог. Энэ нь гэр бүлийн орчинд хүчир хийлэл даамжрах шалтгаан болдог байна. Тэрчлэн хосууд тусдаа амьдарч эхэлсэн хугацааг харгалзалгүй шүүхийн шийдвэр гарснаас хойш тэтгэмж төлөх зохицуулалттай нь хүүхдийн амьдралын чанар, нийгмийн баталгаа удаан хугацаанд алдагдах нөхцөл болдог гэх. Үүнийг өөрөөр зохицуулах ямар боломж бийг, олон улсад хэрхэн шийдвэрлэдгийг судалж байгаагаа мэргэжилтнүүд хэллээ.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн ямартай ч тарчихаагүй бололтой. Тэдний зүгээс хэлэлцүүлэг, судалгаа үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл өгсөн ч ямар хүрээнд, хэрхэн зохион байгуулж буй нь тодорхойгүй, хуулийн төслөө хэдийд өргөн барих нь шийдгүй байна. Ингэж явсаар өмнөх жилүүдийнх шиг замхарчих вий. Зарцуулсан хугацааныхаа хэрээр чамбай боловсруулалттай хуулийн төсөл өргөн баривал сайн сан.
Цаг үеийн хөгжлөө дагаад гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцаа 1999 оны үеэс (тухайн үед баталсан хуулийг одоо мөрдөж буй) ихээхэн өөрчлөгдсөн. Гэрлэлт болон үрчлэлтэд суурилсан хүмүүсийн харилцааг л гэр бүл гэж үздэг хандлага халагдсан. Залуус гэрлэлтээ батлуулахгүйгээр ч гэр бүл бо лон амь дарч байна. Тэр ч бүү хэл, дэлхийн цөөнгүй оронд бэлгийн чиг хандлага, хүйсийн тодорхойлолтыг үл харгалзан гэр бүлийн харилцааг зохицуулах болсон. Тэгэхээр хуулийн төсөл боловсруулагчид энэ мэтчилэн олон улсын жишиг, шинээр бий болж буй харилцаа, хандлагыг харгалзах нь зүйтэй. Гэр бүлийн хэв маяг, харилцааг уламжлалт буюу хуучны хайрцаглагдсан өнцгөөр тодорхойлоод, хуулийн зохицуулалтаа түүндээ нийцүүлчихдэг, хэдэн жилийн дараа өнөөхөө дахиад л шинэчлэх асуудал үүсэх вий. Дээрээс нь манай улсад гэр бүл салалтын шалтгааныг зөвхөн эрчүүдээс хайж, тэднийг буруутгах тохиолдол элбэг. Шүүхийн шийдвэр ч голдуу ээжүүд, эмэгтэйчүүдийн талд гардаг. Гэр бүл салалтаас болж эмэгтэйчүүд л хохирч, ганц бие ээж олширч буй мэтээр ойлгох нь түгээмэл. УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүд ч Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагыг дурдахдаа өрх толгойлсон 20 мянган аавын талаар бус, зөвхөн ээжүүдийн эрх ашгийн асуудлыг хөндөж байв. Тиймээс хуулийн төсөл санаачлагч, боловсруулагчид ч, олон нийт ч тэр энэ асуудалд жендерийн мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Бүгдэд эрх тэгш үйлчилдэг, гэр бүл бологчдод ижил хэмжээний үүрэг хариуцлага ногдуулдаг тийм л тэнцвэртэй хууль, эрх зүйн орчин шаардлагатай байна.