Пүрэв гарагт Барселона хотод болсон Каталоны тусгаар тогтнолын төлөөх жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн тухай “La Sexta” суваг мэдээлэв. Уг үйл явдал Испани-Францын дээд хэмжээний уулзалтын үеэр болсон байна.
Зарим жагсагчид Уркинаонагийн талбайг бүсэлсэн цагдаагийн хамгаалалтыг дайрч давсан байна. Уг талбайд 2019 оны 10-р сард Каталоны тэргүүлэгчдийн эсрэг гаргасан шүүхийн ялыг эсэргүүцэн жагсаал болсон юм.Тэгэхэд жагсагчид “Бид дахин ирэх болно” гэж байжээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр жагсаалд 30 гаруй мянган хүн оролцсон байна. Өмнө нь Каталоны Засгийн газрын тэргүүн Пере Арагонес Испанийн Ерөнхий сайд Педро Санчестай албан бус яриа хэлэлцээ хийх үеэрээ автономит мужийн тусгаар тогтнолын төлөөх үйл явц хараахан дуусаагүй байгааг анхааруулж, хамгийн зөв шийдэл бол бүх нийтийн санал асуулга гэдгийг онцолсон юм.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Испанийн Ерөнхий сайд Каталоны үйл явц дууссан, тус автономит мужид өөрийгөө тодорхойлох асуудлаар санал асуулга хэзээ ч явуулахгүй гэж мэдэгдэж байсан. Каталонд 2017 оны аравдугаар сарын 1-нд Карлес Пучдемонт тэргүүтэй генералуудын санаачилгаар Испанийн эрх баригчдын байр суурь, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс үл хамааран тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал явуулсан.
43% хувийн ирцтэй санал хураалтын үр дүнд үндэслэн (90 хувь нь дэмжсэн) Каталоны парламент тусгаар тогтнолоо зарласан юм. Үүний дараа Испанийн засгийн газар автономит Каталонийг шууд захирах болж парламентыг нь тараажээ. Пучдемон болон хэд хэдэн генералууд улс орноо орхин гарсан байна.
Испанийн Дээд шүүх 2019 онд Испанид үлдсэн Каталоны 12 улстөрчийг шийтгэжээ. Есөн хүнийг бослого гаргасан гэм буруутайд тооцож, 9-13 жилийн хорих ял оноосон бол гуравыг нь захирамж зөрчсөн гэм буруутайд тооцож, торгууль ногдуулсан байна.
Шүүхийн эл шийдвэр автономит оронд үймээн самуун дэгдээсэн юм. Испанийн засгийн газар 2021 оны зургадугаар сарын сүүлчээр хоригдлуудад өршөөл үзүүлэхээ мэдэгдсэн.