Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг буюу сарын 3.5 сая төгрөгөөс доош орлоготой өрхийн хүүхдэд олгохоор болсон шийдвэрийг эсэргүүцсэн эцэг, эхчүүд “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт” уриан дор өчигдөр нийслэлийн төв талбайд тайван жагслаа. Тэд “Танах зүйлээ ол. Чадахгүй бол боль”, “Хүүхдийг ялгаварлан гадуурхсан шийдвэрээ цуцал”, “Эцэг, эхийнх нь орлогоор хүүхэд багачуудыг ялгаварлахаа зогсоо”, “Үндсэн хуулиа зөрчиж, иргэдээ баян, ядуугаар нь бүү ангил” гэсэн нийтлэг шаардлага тавьж байв. Жагсаалд оролцогч Н.Галбаяр “Манай гэр бүлийн сарын дундаж орлого 2.1 сая орчим төгрөг. Цалингаас цалингийн хооронд амьдардаг дундаж давхаргынхны төлөөлөл. Гэтэл манайхыг өндөр орлоготой гэж үзээд, хүүхдийн мөнгө олгох өрхийн жагсаалтаас хасчихаж. Алдаа гарсан уу, эсвэл хүүхдийнхээ мөнгөнөөс 100 төгрөг ч үрэлгүй хуримтлуулдаг учраас баян гэж үзсэн үү. Мэдэх юм алга. Хороондоо хандсан. Мэдээлэл шинэчилсний дараа хэвийн болно гэсэн. Энэ шийдвэрийг 100 хувь буруу гэж үзэж байна. Хүн болгон өрхийн орлогоо нэмэгдүүлэхийг, сайн сайхан амьдрахыг хүсдэг. Гэтэл төр үүний эсрэг бодлого барьж, илүү хөдөлмөрлөсөн, боломж бүрдүүлсэн хүмүүсийн үр хүүхдийг алагчилж байгаа нь хамарсалтай” хэмээн ярилаа.
Төрийн мэдээллийн сангийн алдаа, зөрүүтэй бүртгэлээс болж хүүхдийн мөнгө авах өрхүүдийн жагсаалтаас хасагдсан айл цөөнгүй. Албаны хүмүүс үүнийг иргэдийн хариуцлагагүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдалтай холбон тайлбарлаж буй. Энэ тохиолдолд иргэдийг харьяа дүүрэг, хороондоо хандаж, мэдээллээ шинэчлүүлэхийг зөвлөж байгаа. Үүнээс болоод хороод асуудлаа шийдүүлэх гэсэн иргэдийн хөлд дарагдах болжээ. Жагсаалд оролцогчид үүнийг шүүмжилж “Төрийн буруугаас болж, иргэд хөрөнгө мөнгө, цаг заваараа хохирох ёсгүй” гэв. Зарим нь өчигдөр өглөө цаг гаруй дугаарлаж байж, мэдээллээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан гэнэ.
“Иргэдийн оролцооны нэгдэл” нам ээжүүдийн төлөөлөлтэй хамтран Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснийг жагсаалын үеэр тус намын дарга Ц.Оюунгэрэл мэдэгдлээ. Тэрбээр “МАН 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө гэр бүл, хүүхдийг дэмжих чиглэлээр олон сайхан амлалт өгч, иргэдийн дэмжлэгийг авсан. Гэтэл тэд Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зарим арга хэмжээний тухай 71 дүгээр тогтоол гаргахдаа хүүхэд багачуудыг тоо, хувь заан, хууль тогтоомжоор ялгаварлан гадуурхаж, сонгуулийн амлалтаасаа ухарлаа. Энэ мөнгийг эрх тэгш олгох нь зарчмын асуудал. Нүүрсний хулгайч, авлигачид улсын төсвийг хоосолсонд хүүхэд буруугүй” гэв.
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, тэтгэмжээ үргэлжлүүлэн авахаар болсон нийт хүүхдүүдийн 72 хувь буюу 823 354-т нь мөнгийг нь олгож эхэлсэн талаар мэдээлэв. Түүнчлэн нийт 21 513 өрх мэдээллээ шинэчлүүлэх хүсэлт гаргасны 16 мянга орчмыг нь залруулсан гэлээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай удирдлагын баг гаргаж, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байгаа гэнэ.