Монгол Улсын Засгийн газраас Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн бүртгэлийн зөрүүтэй байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо шинэ байдлаар цахимаар бүртгэлжүүлж, анх удаа хийж буйг сайд нар мэдээлж байна. Би ч мөн анх удаа цахимаар бүртгэж байгааг онцлон тэмдэглэе. Өмнө нь бид нэгбүрчлэн айлаар явж хийдэг, маш их ажил болдог байсан. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас энэ ажлыг хөнгөвчиллөө. Монгол Улс цахим засаглалын томоохон зорилт тавьсан учраас үүнтэй уялдуулж, өрхийн орлогыг уялдуулан тооцооллын аргаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тооцоог гаргасан. Гэвч захиргааны мэдээ дутуу, шинэчлээгүй, зөрүүтэй байдлаас алдаа гарлаа. Бид бүртгэж байхдаа 50 мянган мэдээллийг зассан. Нарийн аргачиллаар засаж сайжруулсан. Цаашид засна. Одоо тухайн өрхийн мэдээлэл алдаатай бол емонголиа цахим хаягаар дамжуулан засаж болно. Мөн өрх хороондоо хандаж, хамтарч ажиллаж засахыг уриалж байна. Цаашдаа энэ хөдөлмөр эрхлэлт, халамжийн бусад ажлыг хийхэд энэ мэдээлэл тус нэмэр болно гэдэгт найдаж байна” хэмээлээ.