Элвис Преслигийн цорын ганц хүүхэнд болох Лиза Мари Пресли 54 насандаа өөд болов.
Пүрэв гарагийн өглөө түүнийг гэртээ ухаан алдсан байдалтай байхыг гэрийн үйлчлэгч нь олсон байна. Дуудлагаар ирсэн эмч нар Лиза Мари Преслигийн зүрх бүрэн зогссон болохыг тогтоожээ.
Хоёр хоногийн өмнө “Алтан бөмбөрцөг”-ийн улаан хивсний ёслол дээр эрүүлс саруул, үзэсгэлнтэй, хөгжилтэй байсан түүнийг ийнхүү гэнэт нас барна хэмээн хэн ч бодоогүй гэж найз нөхөд нь ярьжээ.
Лиза Мари домогт эцгийнхээ Мемфис дэх алдарт эдлэн болох Graceland-ийн цорын ганц өмчлөгч хэвээр байсан. Харин маш ашигтай “Elvis Presley Enterprises” компаниа 2005 онд зарсан байна.
Түүнийг дөрвөн настай байхад эцэг эх нь салсан бол есөн настай байхад нь аав нь нас баржээ. Лиза Мари өсвөр насандаа хар тамхины асуудлаас болж Лос-Анжелесийн хэд хэдэн сургуулиас хөөгдөж байв.
Тэрбээр эцгийнхээ замаар явж дуучин болсон бөгөөд гурван ч цомог бичүүлсэн байдаг.
Алдарт дуучны өв залгамжлагч тэрбээр мөн л алдартай эрчүүдтэй гэр бүл болж, олны танил болсон юм.
Дөрвөн удаа гэр бүл зохиосон түүний анхны нөхөр нь хөгжимчин Дэнни Кио бөгөөд тэд дундаасаа охин Райли, хүү Бенжамин гэсэн хоёр хүүхэд төрүүлжээ.
Хоёр дахь удаагаа дуучин Майкл Жексонтой гэрлэж, жил хагасын турш хамт амьдарсан.
Гурав дахиа Холливудын алдарт жүжигчин Николас Кейжтэй гэрлэсэн ч ердөө гурван сарын дараа салсан байна.
Лиза Мари дөрөв дэх удаагаа гитарчин, хөгжмийн продюсер Майкл Локвудтай гэрлэжээ. Тэрээр түүнд Харпер, Финли гэсэн хоёр ихэр охин төрүүлсэн байна. Хосууд 2016 онд салжээ. Локвуд охидоо хамтран асрахыг хүссэн ч Лиза Мари эсэргүүцэж, түүний хувийн компьютерээс хүүхдийн садар самууныг харуулсан олон зуун зураг, бичлэг олсон гэж шүүхэд мэдүүлсэн байдаг.
Хоёр жилийн өмнө Лиза Мариягийн хүү Бенжамин нас барсан тухай мэдээлэл гарсан. Тэрбээр мөн л сайн хөгжимчин байсан ч 27 насандаа амиа хорлон хорвоогоос оджээ.