Казахстаны Үндсэн хуулийн шүүх "Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны ерөнхийлөгчийн тухай" хуулийг хүчингүй болгох шийдвэр гаргаснаар тусгаар тогтносон Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын үндэстний удирдагч (элбас) хэмээх цол хэргэм үгүй болжээ. Үүнтэй цуг түүний халдашгүй эрх ч хүчингүй болж байгаа юм байна.
Дээрх Шийдвэрийн тайлбарт “Одоогийн байдлаар Үндсэн хуульд “Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгчийн тухай” хуулийг хэвээр үлдээх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Тиймээс хууль хүчингүй болно” гэжээ.
Өмнө нь Мажлисийн (Казахстаны парламентын доод танхим) дарга Ерлан Кошанов Ерөнхийлөгч асан Назарбаевт хэд хэдэн давуу эрх олгосон энэ хуулийн хэрэгцээг эргэн харахаар төлөвлөж байгаагаа зарласан юм.
"Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгчийн тухай" хуулийг 2000 онд баталж, хэд хэдэн удаа эцэслэн боловсруулжээ.