Лхагва гарагт /2023.01.11/ АНУ-д 1,000 гаруй нислэг цуцлагдаж, 6,000 гаруй нислэгийн цаг хойшлогджээ
Тус улсын Холбооны Иргэний агаарын тээврийг удирдах газраас (FAA) мэдэгдэж буйгаар нислэгийн үеэр тохиолдох аюул, саадыг нисгэгчдэд бодит цагт нь хүргэдэг NOTAM дохиоллын системд алдаа гарасантай холбооотой аж.
Тус газрын явуулсан урдчилсан шалгалтаар мэдээллийн сангийн гэмтсэн файлаас болжээ.
"Бидний зүгээс хийсэн урьдчилсан шалгалтаар мэдээллийн сангийн файл эвдэрсэнтэй холбоотой гэдгийг тогтоолоо. Цахим халдлага болсон гэх нотлох баримт одоогоор байхгүй" гэж FAA твиттер хуудсандаа бичжээ.
Тус улсын агаарын тээврийн салбарт ийм өргөн хүрээний саатал 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа үндэсний хэмжээнд агаарын тээврийн нислэгүүдийг зогсоож байснаас өөр тохиолдол гарч байгаагүй гэнэ.
“Техникийн гэмтэл, саатал хааяа гардаг ч энэ бол түүхэнд тэмдэглэгдэх том үйл явдал байлаа” гэж “American Airlines” компанийн нислэг хариуцсан дэд ерөнхийлөгч асан Тим Кэмпбэл ярьжээ.
Тэрбээр NOTAM болон FAA бусад хуучирсан компьютерын системүүдийг шинэчлэх цаг болсныг хэлсэн байна.
“Тэдний ихэнх нь хуучны майнфрэйм системүүд байдаг. Ерөнхийдөө найдвартай ч нэлээд хуучирсан” гэж Кэмпбэл тайлбарлажээ.
Өнөөдөр саатсан нислэгүүд үргэлжилснээр тус улсын агаарын зам асар өндөр ачаалалд орох төлөвтэй байна. АНУ даяр нийт 21,000 гаруй онгоц хөөрхөөс гадна тус улс руу нисэх 1,840 орчим гадаад нислэг хүлээгдэж байгаа аж.