Манай улс дэлхийн болон бусад орны жишгээс хэд дахин бага хэмжээний мөнгийг шинжлэх ухааны салбарт төсөвлөдөг. Энэ салбарт улсын төсвөөс жилд дунджаар 40-50 орчим тэрбум төгрөг хуваарилдгийн 80-90 хувийг нь эрдэм шинжилгээний байгууллагуудын урсгал зардал, ажиллагсдын цалин, урамшуулалд зарцуулдаг бол үлдсэнийг нь эрдэм шинжилгээ, судалгааны төслийн санхүүжилтэд зарцуулдаг. Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) өнгөрсөн хугацаанд жилд дунджаар 8-12 тэрбум төгрөгийг шинжлэх ухаан, технологийн төсөл санхүүжүүлэхэд хуваарилан, зарцуулж иржээ.
Шинжлэх ухааны салбараас хүлээж буй үр өгөөж, олон улсын жишигтэй харьцуулахад энэ бол маш бага мөнгө. Тэглээ гээд хусмаа голсон хүүхэд шиг аашилж гар хумхиж суух, эсвэл үүнийг үр ашиггүй зүйлд зарцуулж, төсвийн хөрөнгийг үрэн таран хийх эрх шинжлэх ухааны салбарынханд үгүй. Харин ч бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, хуваарилсан багахан мөнгийг чанартай, үр ашигтай зүйлд зарцуулах нь чухал. Харамсалтай нь, ШУТС-гийнхан энэ хөрөнгийг ухаалгаар захиран зарцуулах, хуваарилах, төсөл, хөтөлбөрийг ач холбогдол, үр өгөөжөөр нь эрэмбэлж санхүүжүүлэх үүргээ өнгөрсөн хугацаанд биелүүлэлгүй, төсвийн мөнгийг хайр гамгүй урсгажээ.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2021 оны намраас ШУТС-гийн төсөв санхүүтэй холбоотой асуудлыг хөндөж эхэлсэн. Тэрбээр анх “ШУТС сүүлийн 10 гаруй жилд 4278 судалгаа хөгжүүлэхэд 178.6 тэрбум төгрөг зарцуулсан боловч үр дүн нь чамлалттай, маш муу гарсан. Шинжлэх ухааны төсөл, судалгааг санхүүжүүлэхдээ чанарт бус, тоонд анхаардаг байдлыг хална. Цаашид тус сангийн санхүүжилтийн мэдээллийг ил тод, нээлттэй болгоно” хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл үүнээс яг жил гаруйн дараа буюу өнгөрсөн оны сүүлчээр “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, хөрөнгө захиран зарцуулах, хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталлаа. Ингэснээр гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бэхжиж, шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн чанар, үр дүн дээшлэн, санхүүгийн сахилга бат, хариуцлагын тогтолцоо бий болох нөхцөл бүрдлээ хэмээн Л.Энх-Амгалан сайд онцолсон. Тэрчлэн Засгийн газрын тусгай сангийн хуульд заасан арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлэх боломжтой боллоо гэсэн юм. Сайд эдгээр мэдэгдлээрээ ШУТС өнгөрсөн хугацаанд үр бүтээмжгүй ажилласан, судалгаа хөгжүүлэх, төсөл, хөтөлбөрт тэтгэлэг олгох нэрийдлээр төсвийн хөрөнгийг салхинд хийсгэсэн, санхүүжилттэй холбоотой, өөрчлөн шинэчлэхээс аргагүй “но”-той асуудлууд бий гэдгийг хүлээн зөвшөөрөв. Мэдээж түүнд ингэж дүгнэх, ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн хангалттай баримт, үндэслэл байсан нь тодорхой. Гэвч олон нийтэд дэлгэсэн нь сүүлийн 10 жилд судалгаа шинжилгээний төсөлд зарцуулсан санхүүжилтийн дүн, “чамлалттай, маш муу” гэдэг дүгнэлт л байв. Эндээс ШУТС хэр нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулдаг вэ, “шилэн” байж чаддаг уу, төсөл, судалгааг ямар зарчмаар санхүүжүүлдэг вэ гэсэн асуулт урган гарч буй юм.
Улсын хөгжил шинжлэх ухаанаас эхтэй хэмээх үгийг уриагаа болгосон энэ сангийн үйл ажиллагаа, тэр дундаа төсөв санхүүгийн зарцуулалт ихээхэн “маапаан”-тай юм байна. Үндэсний аудитын газраас тус санд хамгийн сүүлд 2021 онд хийсэн санхүүгийн аудитын тайлантай танилцахад энэ бүхэн илэрхий харагдлаа. Тэд санхүүжүүлсэн, тэтгэлэг олгосон төсөл, судалгааны ажлаа үр дүнд хүргэх, үнэлж дүгнэх, “хойноос нь явах” чиглэлд огт анхаардаггүй аж. Мөн санхүүгийн тайлан, мэдээллээ цаг тухайд нь гаргадаггүй, хав дарчихдаг “гэмтэй”. Зөвхөн 2016-2019 оны хооронд хугацаа нь дууссан 211 төсөл “замхруулсан” тухай уг тайланд дурджээ. 12.6 тэрбум төгрөгийн санхүүжилт улсаас авсан ийм олон тооны төслийн үр дүнг огт үнэлж, бүртгээгүйн дээр гүйцэтгэгчдээс төслийн болон санхүүгийн тайлан аваагүй нь шалгалтаар ил болжээ. Тэрчлэн харьяа хүрээлэнгүүдтэй нь холбоотой 511.6 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Нийт 187.7 сая төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй, цахим болон бусад төрлийн баримтаар нотлогдоогүй гэх. “Шилэн данс”-нд оруулбал зохих мэдээллийг хугацаа хоцроох, эсвэл огт байршуулахгүй үлдээх зэрэг зөрчил цөөнгүй удаа гаргажээ. Үүнээс үндэслээд аудиторууд тус санг Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн сангийн дүрэм, төсөл хэрэгжүүлэх журмыг ноцтойгоор зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журамд зааснаар бол гүйцэтгэгчид тогтсон хугацаанд төслийн үр дүн, санхүүжилтийн тайланг захиалагч, санхүүжүүлэгчид хүлээлгэж өгөх үүрэгтэй. Тэрчлэн төслийн үр дүнд бий болсон шинжлэх ухааны шинэ мэдлэгийн талаарх эрдэм шинжилгээний ажлын тайланг итгэмжлэн хадгалагчид төсөл дууссанаас гурван сарын дотор цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүлээлгэж өгөх хуультай. Тодруулбал, төсөл гүйцэтгэгчид захиалагч, санхүүжүүлэгч талд холбогдох тайлан, мэдээллийг цаг тухай бүрт өгөх ёстой юм. Энэ журам ёсоор бол ШУТС-гийнхан санхүүжилт, тэтгэлэг авсан хүмүүстээ шаардлага тавьж, хариуцлага нэхэх бүрэн эрхтэй. Даанч тэд үүнийгээ биелүүлдэггүй, хуваарилсан мөнгөнийхөө хойноос “сураг чимээ” тавьдаггүй юм байна. Энд зөвхөн 2016-2019 онд хугацаа нь дууссан төслийн 12.6, 2011-2021 оны хооронд санхүүжүүлсэн төслийн 178.6 тэрбум төгрөгийн тухай л хөндөж буйг онцолъё. Үүнээс өмнөх үед санхүүжүүлсэн нийт төслийн өртөг, хугацаа нь дуусаж, замынхаа дундаас замхарсан судалгааны ажлуудын зардал, тооцоог нэмбэл үүнээс хэд дахин “том” тоо гарах нь гарцаагүй. БШУЯ-ныхан ч үүнийг тооцоолж чадахгүй мунгинаж суугаа сурагтай.
ШУТС нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгаа хийх, улсын захиалгатай төсөл хэрэгжүүлэхэд тэтгэлэг олгох, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, инновацыг дэмжиж, үйлдвэрлэлийн туршилт, зүгшрүүлэлтэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээдэг байна. Аливаа нэг төслийг уралдааны морьтой зүйрлэвэл тэд сонгосон хүлгээ гараанаас барианд орох хүртэл нь тууштай дэмжих ёстой. Хамгийн гол нь үр дүнд хүргэх. Морио сонгохдоо ч аль хурдтай, шандастай, барианд орох боломжтойг харгалзах ёстой шүүдээ. Гэтэл эл сангийнхан чанар бус, тоонд, эцсийн үр дүнд нь биш, түр зуурын “дэмжлэг” үзүүлэхэд анхаарч иржээ. Тэд жилд дунджаар 500 орчим төсөл санхүүжүүлдэг жишиг тогтоож. 2018 онд анагаах, байгаль, нийгэм, хөдөө аж ахуй, хүмүүнлэг, техникийн шинжлэх ухааны зургаан салбарт 460, 2019 онд 465, 2020 онд 290 (цар тахлын нөлөөгөөр буурсан) төсөлд санхүүжилт олгожээ. Энэ тооноос харвал манай улс шинжлэх ухааны салбартаа гойд ач холбогдол өгдөг, ШУТС олон тооны төсөл “эх барьж”, “бойжуулдаг” юм шиг харагдахаар. Гэвч бодит байдал дээрх үр дүн нь туйлын муу, ашигтайгаасаа “амьдралгүй”, хөөс болон замхарсан төсөл нь дэндүү олон аж.
Харьяа эрдэм шинжилгээний байгууллага (Мал аж ахуйн эрдэм шинжилгээний, Мал эмнэлгийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг есөн газар), ШУА-ийн хүрээлэнгүүдээс дэвшүүлсэн суурь судалгаа болон инновацын төсөл болгонд ямар ч шүүлтүүргүй, эрэмбэ дараалалгүйгээр, “бүгдэд хүртээмжтэй байх” гэдэг зарчмаар багахан хэмжээний төсөв хуваарилж ирсэн нь энэ сангийн хамгийн гол алдаа гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэлсэн. Яалт ч үгүй үнэн. Ашигтай, ашиггүйг үл харгалзан төсөл бүрт жил болгон 20-30 сая төгрөг хуваарилдаг, түүнийгээ эхнээс нь “мартчихдаг” ийм байдлаар удаан явбал хөл дээрээ зогсох гэж дэнжигнэж ядаж буй шинжлэх ухааны салбар улам дордоно, цаашид их зүйл хүлээх хэрэггүй болно. Олон улс, дэлхийн жишгээр санхүүжилтийг нь нэмээд ч өөрчлөлт гарахгүй. Иймд төслийг тооноос чанарт шилжүүлэх, гүйцэтгэл, үр дүнд суурилсан өрсөлдөөнт санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлэх санаачилгаа БШУЯ-ныхан даруй хөрсөн дээр буулгаж, хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн үр ашиггүй төсөл санхүүжүүлсэн үе үеийн албан тушаалтнаас хариуцлага нэхэх хэрэгтэй. БШУЯ-ны эх сурвалжийн мэдээлснээр ШУА болон ШУТС сүүлийн үед нэлээд “донсолгоотой”, төсөв санхүүгийн асуудлаас улбаатай хяналт шалгалт, тайлан нэгтгэх ажил үргэлжилж байгаа, үүний дараа хариуцлага тооцох асуудал яригдаж буй гэх. Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд, бодлогогүй зарцуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хүмүүст хариуцлага тооцох нь зүйн хэрэг. 12.6 тэрбум төгрөгийг хэрэгтэй хүнд нь өгсөн бол, үр ашигтай төсөлд зарцуулсан бол хэдий хэмжээний үр өгөөж хүртэх боломжтой вэ. Энэ бүхнийг нэгбүрчлэн, нарийвчлан тооцож, алдагдсан боломжийн өртгөө нэхэх хэрэгтэй, ШУТС-гийн хөрөнгийг захиран зарцуулсан үе үеийн албан тушаалтнаас.