Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Газрын багц хуулийн төслийг энэ оны зургадугаар сард УИХ-д өргөн барьсан. Үүнд Газрын ерөнхий, Кадастрын, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл багтаж буй. Газрын харилцааг зохицуулахтай холбоотой энэхүү багц хуулийн төслийг Засгийн газар эдийн засгийн шинэчлэлтэй холбоотойгоор яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай хэмээн өргөн мэдүүлсэн боловч чуулганы ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хэлэлцүүлгийг нь хоёронтоо хойшлуулсан. Үүнээс улбаалаад парламентын гишүүдийн хариуцлагагүй байдал, ашиг сонирхлын зөрчил, хуулийн төслийн чанарын асуудал хөндөгдөж, УИХ-ын дарга болон дэд дарга тэдэнд хандан хатуу үг чулуудахад хүрсэн.
Төрийн эрх барих дээд байгууллагынхан Газрын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр удаа хойшилсонд л ихээхэн “эмзэглэж” байгаа бол иргэд, олон нийт эдгээрт тусгасан зарим охицуулалтыг мэдрэгээр хүлээн авч, эсэргүүцэж байна. Нэн ялангуяа Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ноцтой гэж үзэж болохуйц зүйл, заалт олон багтсан талаар хөндөж эхэллээ.
Ерөнхий хэмээн тодотгоод буй Газрын тухай хуулийг 2002 онд баталснаас хойш 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж байгаа газартай холбоотой харилцааг 20 жилийн өмнөх хуулиар зохицуулахад хүндрэл учирч эхэлсэн тул шинэчлэн найруулж, өөрчлөх замаар боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн юм билээ. Мэдээж тийм. Цаг үеийн онцлог, өөрчлөлтөд тулгуурлан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйн хэрэг. Ингэхдээ өмнөхөөс дордуулахгүй байх нь чухал. Тэгвэл шинэчлэн найруулсан гэх Газрын ерөнхий хуулийн төсөл нэр томьёолол, үзэл баримтлалаасаа эхлээд учир дутагдалтай, олон талаар өмнөх хуулиас ч доор, нуухыг нь авах гээд нүдийг сохлох гэх үгийн бодит биелэл болсон гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Хуульч Ш.Гансүх “Энэ хуулийн зорилго нь газрыг хамгаалах, ашиглахтай холбоотой асуудлыг зохицуулахад оршдог. Харамсалтай нь, манай улс Газрын тухай хууль дахь газар хамгааллын бэхэлгээгээ устгасаар ирсэн. Шинэчлэн найруулсан гэх хууль үүнийг бүр элгээр нь хэвтүүлэхээр болжээ. Газрын харилцаанд газрыг хамгаалах хоёр бэхэлгээ байдаг. Нэг нь хадгалан хамгаалах. Нөгөө нь ашиглаад, нөхөн сэргээх. Монголчуудын газар нутгаа хамгаалж ирсэн уламжлалт дархлаа болох хадгалан хамгаалах агуулгыг тус хуулиар бүрэн устгажээ. Энэ нь 4.1.1 дэх “Газар гэж газрын хөрс, ургамал, ой, ус, хэвлий болон хийн мандлын агаар бүхий орон зайн давхаргыг хэлнэ” гэсэн тодорхойлолтоос илэрхий харагдана. Газар ашиглахтай холбоотой агуулгыг тодорхойлолтод тусгалгүй, бүхэлд нь орхигдуулж. Мөн 5.1.6-д “Үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, барууныхны жишгээр барилга, байгууламжийг ч газар гэж үзэх нөхцөл бүрдэх нь. Гэвч энэ агуулгыг газрын тодорхойлолтдоо мөн л тусгалгүй орхигдуулсан” гэж шүүмжлэв.
ХААИС, ШУТИС зэрэг томоохон их сургуулийн Газар зохион байгуулалтын хөтөлбөр боловсруулахад оролцсон, газар зохион байгуулагч, инженер Н.Цолмон ч дээрх хуульчтай төстэй зүйл ярилаа. Тэрбээр “Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цогц байдлаар тодорхойлж, төлөвлөлтийг дэс дараалалтай болгох гэж “оролдсон” нь энэ хуулийн төслийн гол давуу тал боловч алдаа дутагдалтай зүйл өчнөөн ажиглагдлаа. Үл хөдлөх хөрөнгийг газрын бүрдэл хэсэг байхаар тусгасан нь манай орны нөхцөлд тохиромжгүй, эрсдэлтэй зохицуулалт юм. Үүнийг иргэд эсэргүүцэж байгаа нь үндэслэлтэй. Энэ нь газрын суурь үнэлгээнд нөлөөлж, эрх мэдэл, албан тушаалтай цөөн хүнд давуу эрх олгох, ашигтай, байршил сайтай газруудаа түрүүлж алдах нөхцөл болдог. Ийм жишээ ч бий. Түүнчлэн сервитут тогтоох, газрын узуфрукт эрх зэрэг монгол нэршлээр орлуулах боломжтой үгийг тэр чигээр нь ашигласан нь хууль хэнд ч ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангахгүй байна. Үүнийг “Хязгаарлалт тогтоох”, “Газрын хязгаарлагдмал эрх” гэх зэргээр оруулах боломжтой. Мөн “Бэлчээр ашиглагч гэж малчин өрх, мал, амьтан бүхий этгээд болон эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчийг хэлнэ” гэж тодорхойлсон нь ихээхэн шүүмжлэл дагуулаад буй. Үүнд малчдын бүлгийг орхигдуулсан. Төрийн өмчийн газар дээр барилга, байгууламж барих зорилгоор газрыг тодорхой нөхцөл, болзол, хугацаатайгаар өөрийн мэдэлд байлгахыг барилга, байгууламж барих газрын эрх гэж тодорхойлсон. Олон улсад бол ийм зориулалтаар эрх олгохдоо “газрын доор болон дээрх орон зайд” гэж тусгадаг” гэж ярилаа.
11 бүлэг 110 зүйлтэй Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэр томьёоны тодорхойлолт гэсэн хэсгээс л дээрх хоёр судлаач ийм олон “алдаа” илрүүлжээ. Тус хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр дахь удаагаа хойшилсон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуулийн төслийн чанарт анхаарах хэрэгтэй. Санаачлагчид нь дутуу дулимаг, хуумгай боловсруулсан төслөө парламентын босго давуулж, шиддэгээ боль. Муу боловсруулсан төслийн чинь бөөс, хуурсыг УИХ түүх ёсгүй” хэмээн бухимдлын үг дайсан нь учиртай бололтой дог. Судлаач, мэргэжилтнүүд ч үүний “бөөс, хуурс”-ыг нь түүж, ийнхүү шүүмжилсээр байна. Газрын харилцаа бол маш өргөн хүрээний ойлголт. Тэр хэрээрээ хууль боловсруулахдаа маш хариуцлагатай, ул суурьтай хандах учиртай билээ.
Газрын ерөнхий хуульд тусгасан олон шинэ зохицуулалт, зүйл, заалтыг иргэд энэ өдрүүдэд цахим орчинд хэлэлцэж, шүүж байна. Тэдгээрээс хамгийн их маргаан дагуулж байгаа нь газар эзэмшүүлэх зохицуулалтыг хассан явдал. Одоогийн хуулиар бол иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу, хуулиар зөвшөөрсөн хүрээнд газрыг өөрийн мэдэлд байлгаж, эзэмших эрхтэй буй. Тэгвэл шинэ хуульд газрыг зөвхөн өмчлүүлэх, ашиглуулах хэлбэрээр олгоно гэж тусгажээ. Хуулийн үйлчлэх хүрээ гэсэн хэсэгт ч “Газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, хүн, хуулийн этгээдэд хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах харилцааг энэ хуулиар зохицуулна” гэжээ. Эзэмшүүлэхтэй холбоотой үг, өгүүлбэр ч үүнд алга. Олон нийт үүнийг “Монголын төр иргэддээ хатуурхлаа, газраа харамлаж эзэмших эрхийг нь хязгаарлалаа” хэмээн өнгөц талаас нь шүүмжилж буй бол мэргэжлийн хүмүүс ийм зохицуулалт байж болохгүйг үндэслэлтэйгээр тайлбарлав. Тэд “Газрын харилцаанд газар эдлэгчдийн эрх ашгийг бүрэн хангаж, хамгаалж байдаг цор ганц зохицуулалт нь эзэмшүүлэх эрх. Газар өмчлөл ч, ашиглалт ч тэр хоосон, хийсвэр эрхийн харилцаа. Эзэмшүүлэх эрхийг хассан нь уг хуулийн төслийн хамгийн том ухралт” гэж дүгнэж буй юм. Мөн “Газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, хүн, хуулийн этгээдэд хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх” гэсэн хэсэгт хүн гэж чухам хэнийг тодорхойлсон, хязгаарлагдмал эрх гэж юуг хэлж байгааг бүрэн гүйцэд тайлбарлалгүй орхисон нь шүүмжлэл, эргэлзээ дагуулсаар.
Түүнчлэн уг хуулийн 16 дугаар зүйл дэх “Газрыг цөмийн төхөөрөмж барих, ашиглах, аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар тусгай хэрэгцээнд авч болно”, мөн 73 дугаар зүйл дэх “Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд амины орон сууц, гэр, байшин барих зориулалтаар 0.05 га-гаас илүүгүй газрыг гэрээгээр ашиглуулна. Гэрээг таван жилийн хугацаатай байгуулах бөгөөд анхны хугацаагаар дахин сунгаж болно” хэмээх заалтаас иргэд жийрхэж, судлаач, мэргэжилтнүүд болгоомжилж буйгаа илэрхийлсээр. Яаралтай батлах хэрэгтэй гэсэн үгээр түрээ бариад, олон нийтийн анхаарал өөр тийш сарнисан үед ноцтой зүйл, заалт агуулсан, дутуу дулимаг хуулиа батлаад, алх цохичих вий гэж болгоомжлох хүн ч олон. Мөн үүнд байгаль орчны багц хуулиудтай зөрчилдсөн агуулга, зохицуулалт олон байгаа талаар тус салбарынхан хөндөж, цахим сүлжээнд эсэргүүцлийн давлагаа өрнүүлж эхэллээ.
Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэд, олон нийт ч, хууль боловсруулагч, батлагчид ч илүү хариуцлагатай, хянуур хандах ёстой нь энэ бүгдээс тодорхой харагдаж буй юм. Цахимд байршуулсан хуулийн төсөлтэй 3601 хүн танилцаж, 520 гаруй санал, сэтгэгдэл үлдээсэн нь бусад хууль, тогтоолын төсөлтэй харьцуулахад өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Энэ үзүүлэлт цаашид ч нэмэгдэх байх. Гагцхүү хуулийн төсөл боловсруулагчид иргэд, олон нийтийн санал, эрх ашиг нь хөндөгдөж буй салбарынхны дуу хоолойг хүлээж авах, тусгах ажлыг үе шаттай, зөв зохион байгуулж, алдаа дутагдлаа залруулан, хийсэн ажлаа илүү чамбайруулах шаардлага үүслээ.