Хан-Уул дүүргийн IV, XI хорооны нутаг дэвсгэр, Зайсан орчимд олон жил амьдарсан иргэд газрын маргааны асуудлаа шийдвэрлүүлэхээр БОАЖ-ын сайдад өнгөрсөн хавар хандсан билээ. Үүний дагуу яамнаас ажлын хэсэг томилж, 172 иргэний лавлагаа, мэдээллийг шүүлгэж, шалгуулахад 74 нь л үнэн бодитой, газар ашиглах шаардлага хангаж байжээ. Тэгвэл эдгээр иргэний 10 нь өнгөрсөн баасан гарагт салбарын сайдаас газрын гэрчилгээгээ гардан авлаа. Ингэхдээ ажлын хэсгийнхний дүгнэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн, “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан байрыг ашиглах” нөхцөлөөр таван жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон байна. Үлдсэн 64 иргэний газрын асуудлыг ойрын хугацаанд шийдэх гэнэ. Мөн газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан иргэдэд тусгай хамгаалалттай бүс нутагт холбогдох хууль, журам, стандартыг хатуу мөрдүүлж ажиллахыг тус хамгаалалтын захиргааны дарга Н.Бямбадоржид салбарын сайд үүрэг болгожээ.