Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгож зарласантай холбогдуулан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо манай улсыг гадаадад сурталчлах арга хэмжээний нэгдсэн календарь боловсруулах дэд ажлын хэсэг томилсон. Тэгвэл тус ажлын хэсэг 2023 онд зохион байгуулах арга хэмжээнүүдийг Засгийн газарт танилцуулан, календариа эцэслэн баталжээ. Ирэх жил олон улсад 22, бүс нутгийн хэмжээнд 69, нийт 91 арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн байна. Үүнтэй холбоотойгоор агаарын тээврийн нислэг, галт тэрэгний зорчих давтамжийг нэмэх, тийз, тасалбарын үнийн тусгай тариф бий болгох, зочид буудал, жуулчны бааз зэрэг зочлох үйлчилгээний байгууллагуудын бэлэн байдал, үйлчилгээний чанарыг нь сайжруулах, аялагчдын аюулгүй байдлыг хангах зэрэг ажлыг үе шаттай хийхээр болжээ.
Нэгдүгээр сардганц арга хэмжээг онцолсон нь Ховд аймагт зохион байгуулдаг “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баяр байв. Харин хоёрдугаар сард “Скай ресорт”-д “Улаанбаатар” өвлийн наадам, Хөвсгөлд “Цас, цааны баяр” болох нь. Монголын аялал жуулчлалын гол арга хэмжээнд тооцогддог “Хөх сувд”, “Түмэн тэмээний баяр”, “Бүргэдийн баяр” хаврын эхэн сард давхацжээ. Мөн хоккейн Азийн болон ДАШТ-ийг 10-26-нд “Степпе арена”-д зохиох нь. Хамгийн олон арга хэмжээг долоо болон наймдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсний дотор соёлын салбарт хамаарах нь давамгай байна.