Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын захиалгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах ойлголт, хандлага, нөхцөл боломж судалгаа”-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ судалгааны институт гүйцэтгэж, үр дүнг танилцууллаа.
Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үүрэг оролцоо, үйл ажиллагааны хэрэгжилт, салбар комиссын талаар оролцогч талуудын ойлголт, мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахад эцэг, эх асран хамгаалагч болон сургуулийн орчинд тулгарч буй хүндрэл бэрхшээл, сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа шалтгаан, нөхцөлийг судалсан.
Судалгаанд Улаанбаатар хотын Багануур, Сүхбаатар дүүрэг, Хөвсгөл, Орхон, Булган, Төв аймгууд болон сонгогдсон 4 аймгийн 8 суманд хийж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, анги удирдсан багш, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчийн төлөөллийг хамруулж, ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлагын аргаар зохион байгуулсан.
Судалгаагааны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм, аргачлал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сурахтай холбоотой холбогдох тушаал, журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийг чадавхуулах, тэгш хамран сургах ойлголт хандлага, хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа гэсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг гаргалаа.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн төлөөлөл, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын нарийн бичгийн дарга, боловсролын асуудал хариуцсан гишүүд зэрэг 40 гаруй хүн оролцлоо.