Гэрэл зургийг Ц.Баярбаатар
Төрийн ордны төв хаалганы урд зогсох цагдаагийн машинаас хэн нэгэн иргэд, жагсагчдад хандан цагаан хоолойгоор “Та бүхнийг эрүүл мэнддээ онцгой анхаарч, эмнэлгийн байгууллагын зөвлөмжийн дагуу жагсаалаа тайван замаар зогсоохыг зөвлөж байна. Зарим иргэний биеийн байдал хүндэрч, осгосныг анхааруулъя. Иймд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, жагсаалаа зогсоохыг цагдаагийн байгууллагаас шаардаж байна. Мөн Соёлын төв өргөө нээлттэй тул та бүхэн дулаацах боломжтой” хэмээн тасралтгүй хэлж байв. Үүнтэй зэрэгцээд “Залуусаа авъя”, “Тэднийг сулла”, “Жагсагчдыг дотогш оруул” гэх иргэдийн дуу хадаж байсан юм. Яг энэ үед хил хамгаалах байгууллага болон цагдаагийн алба хаагчид Сүхбаатарын талбай, Төрийн ордныг хамгаалалтад авсан байлаа. Ямар учраас хамгаалалтаа нэмснийг цагдаагийн алба хаагчдаас тодруулахад “Нээлттэй сонсголтой холбоотойгоор үймээн самуун дэгдээж, бусдыг өдөөн турхирах явдал гарч болзошгүй” гэсэн юм. Харин жагсаалд оролцогчид “Залуусаа авъя” хэмээн орилж байсны учир нь нээлттэй сонсголд оруулсангүй гэж Төрийн ордны баруун хаалганы өмнө нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийг цагдаа нар албадан тараах зорилгоор, эрүүл мэндийн тусламж үзүүлэх нэрийдлээр авч явж, саатуулсан гэх.
Хувцсаа тайлж, эсэргүүцэл илэрхийлсэн иргэдийг хэн нэгний захиалгаар ирсэн, нээлттэй сонсголыг бусниулах зорилготой, суулт зарлаж буй хүмүүс биш гэсэн мэдээлэл тархаад байв. Тэгвэл талбайд 13 дахь өдрөө хонож байгаа Б.Бямба-Очир “Жагсаалд эхний өдрөөс оролцож буй 10 залуу тэр дунд байсан. Тэд нээлттэй сонсгол зохион байгуулах тов гарсан үеэс оролцох хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй юм билээ. Жагсаалд оролцогчдоос цөөн хүн дотогшоо оруулсан. Тэднийг ямар шалгуураар, яаж сонгосныг мэдэхгүй. Нэгдсэн байдлаар зөвшилцөөгүй” гэж ярилаа.
“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон улстөрч, албан тушаалтнуудыг илчлэхийг шаардсан, төр, засгаас шударга ёс, хариуцлага нэхсэн иргэдийн тайван жагсаалын 18 дахь өдөр ийм үйл явдал өрнөлөө. Өчигдөр 13.00 цагийн үед очиход талбайн эргэн тойрон дүрэмт хувцастнуудаар дүүрсэн, Төрийн ордны урд хэсэгт иргэд бужигнаж байв.
Жагсаалд оролцогчдод зориулж барьсан дөрвөн гэрийг хураажээ. Үүний хоёр нь нийслэлээс олгосон, хоёр нь жагсаалыг дэмжигч иргэдийн барьж өгсөн гэр байж. Жагсагчид уржигдар орой Соёлын төв өргөөнд хуралдаж байх зуур, өчигдөр Төрийн ордны баруун хаалган дээр “овоорох” үед гэрүүдийг ачаад явчихсан гэнэ. Иргэн Б.Булган “Засгийн газар жагсаалд оролцогч иргэдийг дэмжиж, аюулгүй байдалд нь анхаарч буй мэт дүр эсгэчихээд цаагуураа тараах оролдлогыг янз бүрээр хийж байна. Өчнөөн олон хоног хүлээлгэж, бөөн асуудал болж хоёр гэр өгчихөөд, 10 ч хонуулалгүй буцаагаад авчихлаа. Олон нийтийн анхаарал өөр зүгт төвлөрсөн үед гэрүүдийг хулгайгаар аччихсан. Учир шалтгаанаа тайлбарлаагүй. Тэнд залуус цуглаж, зөвлөлддөг байсан юм. Соёлын төв өргөөнд биднийг өдөрт тавхан цаг л байлгах боломжтой гэсэн” хэмээв. Түүнтэй хамт байсан хоёр залуу бидний ярианд оролцож, “Төр иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боомилох гэж л энэ бүхнийг хийж байна. Бие засах, дулаацах газаргүй болчихвол л залуус тарна, талбайгаас явна гэж бодсон бололтой. Иймхэн зүйлд нугарах байсан бол жагсаал өдий олон хоног үргэлжлэхгүй” гэв.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу уржигдар Соёлын төв өргөөг иргэдэд нээлттэй болгосон. Жагсаалд оролцогчдод зориулж гурван өрөө гаргасан гэж албаныхан мэдээлсэн юм. Тэгвэл үүний хоёрыг нь эмч, цагдаа нарт ашиглуулж байна. Харин үзвэрийн танхимыг иргэдэд нээлттэй болгожээ. Ингэхдээ 11.00-16.00 цагийн хооронд л ашиглуулах хуваарь гаргасан аж. Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар “Иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу л шийдсэн. Төлөвлөсөн тоглолт, арга хэмжээтэй үед энэ цагт л жагсагчдыг хүлээж авна. Арга хэмжээгүй бол бүрэн нээлттэй” гэв. Өчигдөр өдөр тус танхим эл хуль, ахимаг насны дөрвөн иргэн л сууж байлаа.
“Заавал гадаа хонож, эрүүл мэндээ хохироох шаардлага бий юү” гэсэн асуултыг суулт зарлаж буй хоёр иргэнээс асуулаа. Төв аймгаас ирсэн Б.Тогтохбаяр “Би 10 дахь өдрөө талбайд хонож байна. Галгүй, хүйтэн гэрт хонох, гадаа байх ямар ч ялгаагүй. Харин ч гэр нь илүү хүйтэн. Тиймээс цементэн дээр хөөсөнцөр дэвсээд, үстэй дээл, хөнжил нөмрөн, гялгар цаасаар хучиж, унтсаар өдий хүрлээ. Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Тансаг жагсаал болж байна” гэж тавласан учраас “тансаг” гэрт нь унтахыг хүсээгүй. Иргэд өөр болсон, хариуцлага нэхвэл нэхсэн шиг нэхэж чаддаг шүү гэдгийг “хулгайчдад” ойлгуулахын тулд, “нүүрсний хэрэг”-ийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой энд хонож байна” гэв. Харин Р.Баттогтох “Хүмүүс биднийг хэн нэгний захиалгатай гэж хардсаар байгаа. Хэдхэн “цаас”-наас болж эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулах хүн байх уу. Ирээдүйнхээ, үр хүүхдийнхээ төлөө л ингэж явна. Бидний гаргаж байгаа энэ золиос төр, засагт хариуцлага, “шахалт” болж очоосой гэж хүсэж байна. Иргэдээ боддог төртэй бол сэхээрэхээр, арга хэмжээ авахаар цаг хугацаа өнгөрлөө” хэмээн ярилаа. Тэдний хувьд “нүүрсний хулгай”-д холбогдсон албан тушаалтнуудыг бүрэн зарлуулж, хариуцлага тооцуулах шаардлага дэвшүүлж буйгаа хэлэв.