“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон улстөрчдийг зарлахыг шаардсан, төр, засгаас хариуцлага нэхсэн иргэдийн тайван жагсаал өчигдөр 17 дахь өдрөө үргэлжиллээ. Эхний өдрүүдтэй харьцуулахад иргэдийн идэвх буурч, эрч суларсныг жагсаалд тууштай оролцож буй хүмүүс дурдав. Сүхбаатарын талбайд хонож буй залуусын хувьд олон хоног нойр, хоол дутуу, даарч явснаас үүдэн ханиад хүрэх, биеийн байдал нь гэнэт муудах тохиолдол гарч эхэлжээ. Уржигдар орой гэхэд 17 настай иргэн ийм шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Тиймээс залуус талбайд ээлжээр хонох шийдэлд хүрчээ. Жагсаалд оролцогчдын зүгээс тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар өчигдөр Соёлын төв өргөөг иргэдэд нээлттэй болгов. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Иргэдийн хүсэлт, ТҮК-ийн ажилтнуудын төв талбайг цэвэрлэх шаардлагатай гэсэн саналыг харгалзан Соёлын төв өргөөг жагсагчдад нээсэн. Ингэснээр иргэдэд дулаан орчинд цуглаж, зөвлөлдөх боломж бүрдлээ” гэв.
Мөн энэ өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсээс тайван жагсаалыг албадан тараах шаардлага хүргүүлсэн гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Үүнийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад “Албадан тараасан, тараах гэж оролдсон зүйл байхгүй. Талбайд хонож, суулт зарлаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, аминд ноцтой аюул учирч болзошгүйг анхааруулан, хуулийн хүрээнд мэдээлэл өгч, мэдэгдэл хүргүүлсэн. Жагсаалд оролцогчдын зорилго, байр суурь эхэндээ маш тодорхой байсан бол сүүлийн өдрүүдэд замбараагүй, зохион байгуулалтгүй болсон. Зарим нь иргэн Д.Мөнх-Эрдэнийг сулла гэж жагсаж байна. Энэ эмх замбараагүй байдлаас улбаалаад янз бүрийн асуудал үүсэж болзошгүй” хэмээн ярилаа.
ЦЕГ-аас жагсаалд оролцогчдод хүргүүлсэн мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн нийтийн хэв журам сахиулах албаны дарга, хошууч Б.Лхагважав олон нийтэд нээлттэйгээр уншиж, танилцуулсан юм байна. Тэрбээр “Жагсаал, цуглаан хийх журамд зааснаар нийгмийн хэв журам хамгаалах хуулийн байгууллага жагсагчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүрэгтэй. Гэхдээ энэ нь хууль бус жагсаалд үйлчлэхгүй. Сүүлийн өдрүүдэд өрнөж буй жагсаалын үеэр хүний нэр төрд халдах, хэн нэгэн өөрийн болон бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хууль бус үйлдлүүд гаргасан. Иймд цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор албан мэдэгдэл хүргүүлсэн” гэв. Ташрамд дурдахад, нийслэлийн төв талбайд шинэ жилийн баяр угтсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан төр, хувийн хэвшлийнхэн холбогдох байгууллагуудад гомдол гаргаад буй гэнэ.