Өдгөө хэлэлцүүлгийн шатанд байгаа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 18.1-т “Агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор, сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр тооцоо судалгаанд үндэслэн аргаль, янгир, идлэг шонхор, тул загас агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгоно” хэмээн тусгасан нь олны шүүмжлэл дагуулаад буй. Мэргэжлийн судлаач, биологичдоос эхлээд аялал жуулчлалын салбарынхан хүртэл үүнийг эсэргүүцэж, ийм жишиг дэлхийн хаана ч байхгүй, энэ нь байгалийн нөөц баялгаас төвлөрүүлэх ашгийг дотоодод үлдээх бус, гадагшаа урсгах уршигтай зохицуулалт хэмээн шүүмжилсэн. Амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд эл асуудлаар хэвлэлийн хурал хийж, хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцон, холбогдох албаны хүмүүст үгээ хүргэсэн. Тэд ийнхүү нэгдэж, тэмцэж байхдаа тусгай зориулалтын агнууртай холбоотой үүнээс ч том “нууц” илрүүлж орхив. Тэр нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх Зөвшөөрлийн тухай хууль дахь тусгай зориулалтын ангийн зөвшөөрөлтэй холбоотой шинэ зохицуулалт.
Эл хуулиар зарим төрлийн тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын журмаар олгохоор зохицуулсан. Тухайлбал, нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргах, хувиргасан амьд организмыг экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх, ховор амьтны цуглуулга хийх, тусгай зориулалтаар амьтан агнах, барих зөвшөөрлийг үүнд багтаасан. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд л амьтны дуудлага худалдаа гээч зүйлийг анх удаа тусгачихсан юм биш. Үүнээс урьтаад хууль, эрх зүйн орчин бүрдүүлчихсэн гэсэн үг. Тэгэхээр судлаач, мэргэжилтнүүдийн хүсэж буйчлан аялал жуулчлалын шинэ хуулиас тусгай зориулалтын агнууртай холбоотой зохицуулалтыг хассан ч асуудал шийдэгдэхгүй. Аргаль, янгир, идлэг шонхор, тул загасаар хязгаарлагдахгүй өөр олон амьтныг ийм нөхцөлөөр агнуулж, бариулах нь. Хамгийн хачирхалтай нь, Зөвшөөрлийн тухай хууль батлаад бүхэл бүтэн хагас жил орчмын хугацаа өнгөрсөн атал байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтнүүд үүнд тусгасан шинэ зохицуулалтыг мэдэлгүй саяхныг хүрчээ. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөөгүй бол энэ талаар юу ч мэдэхгүй хэвээр байх нь. Уг нь хуулийн төсөл бүрийг олон нийт, холбогдох салбарынханд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлдэг биш бил үү. “Төрийн албан дахь хүнд суртал, авлига, хээл хахуулийг бууруулах, иргэдэд учруулдаг төвөг чирэгдлийг багасгах зорилгоор зөвшөөрлийн тоог цөөрүүлж, 1600-гаас 374 болголоо” гэх сурталчилгаа, олон нийтэд таалагдах ухуулгаар халхавчлаад үүнийг чимээгүйхэн “шургуулчихсан” юм биш биз гэх хардлага эрхгүй төрж байна.
Шинэ зохицуулалтын талаар хожимдож мэдсэн судлаачид салбарын сайд болон Засгийн газрын тэргүүнд хандаад буй гэнэ. Эх сурвалж энэ талаар “Салбарын сайд эхэндээ нэлээд хатуу байр суурьтай байсан бол одоо зөөлөрсөн. Ховор амьтдыг дуудлага худалдаагаар агнуулах зохицуулалт олон талын уршигтайг ойлгосон бололтой. Ямартай ч Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс холбогдох заалтыг хасахаар болсон. Цаашлаад Амьтны тухай хууль (Зөвшөөрлийн тухай хуультай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ийн алдаа доголдлыг засаж, нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал нэгдсэн. Ажлын хэсэг ч байгууллаа. Амьтны эрх хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллагын төлөөлөл Зөвшөөрлийн тухай хуулийг “зүтгүүлсэн” УИХ-ын гишүүн болон Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргад санал хүргүүлсэн. Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, батлуулах хүртэл тусгай зориулалтын агнуурыг хуучин журмаар нь зохион байгуулах санал тавьсан” гэсэн юм. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эргэн тойронд тусгай зориулалтын агнуурын зөвшөөрөл олгох шинэ зохицуулалттай холбоотой “бужигнаан” ийнхүү өрнөж байна. Судлаач, мэргэжилтнүүд үүнийг өөрчлөхөд оройтоогүй, боломж бий хэмээн эергээр харж байгаа ч эхнээсээ явцуу хүрээнд, “чимээгүйхэн” хэлэлцээд баталчихсан хуулийн зохицуулалтыг хэлснийх нь зоргоор шууд өөрчлөх нь юу л бол. Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар тус заалтыг хүчингүй болгоно гэвэл мэдээж цаг хугацаа шаардлагатай.
Засгийн газар өнгөрсөн долоо хоногт 2023 оны тусгай зориулалтын ангийн квотыг баталсан. Тодруулбал, угалз 98, тэх 160, халиун буга 100, бор гөрөөс 20, цагаан зээр 200, саарал чоно 30, зэрлэг гахай 10, агнуурын шувуу 300, тул 600, бусад төрлийн загасыг 4000 хүртэлх тоогоор агнуулж, бариулахаар тогтоов. Тэгвэл эдгээрийн зөвшөөрлийг шинэ хуулийн дагуу дуудлага худалдаа болон сонгон шалгаруулалтын журмаар олгох уу. Хэрэв тийм бол ямар зохицуулалт, үе шатаар хэрэгжүүлэх вэ. Анхаарал татсан эдгээр асуултад хариулт авахаар БОАЖЯ-ны Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Мөнгөндөшөөс тодруулахад “Ирэх жилийн квоттой холбоотой Засгийн газрын шийдвэр албажаагүй байна. Тогтоол гарсны дараах тав хоногт яам төлөвлөгөөгөө баталж, БОАЖ-ын сайд тушаал гаргах учиртай. Сайд энэ онд амжиж тушаалаа гаргавал хуучин журмаар, үгүй бол дуудлага худалдаагаар зөвшөөрөл олгоно. Засгийн газрын тогтоол хэзээ албажиж, манай байгууллагад ирэхээс шалтгаална гэсэн үг. Амьтны эрх хамгаалах байгууллагууд дуудлага худалдааны нөхцөлөөр зөвшөөрөл олгохыг эсэргүүцэж байгаа” гэв. Хуультай холбоотой өөр зүйл асуухад “Баттай зүйл хэлэх боломжгүй” хэмээн цааргаллаа. Үндсэндээ яамны түвшинд ч эл асуудал бүрхэг, мэргэжилтнүүд нь ацан шалаанд орсон байдалтай буй дүр зураг эндээс уншигдав.
Тусгай зориултаар амьтан агнах, барих зөвшөөрлийг яагаад дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох болов. Ингэж шийдвэрлэх үндэслэл нь юу байсан бэ. ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон “Одоогийн мөрдөж байгаа Амьтны тухай хуулиар тусгай зориулалтаар, тэр дундаа олзворын ангийн зориулалтаар ховор амьтан агнах, барих зөвшөөрлийг Засгийн газрын квотод багтаан, БОАЖ-ын сайдын тушаалд үндэслэн агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч буюу агнуур зохион байгуулагч компаниудад олгож буй. Энэ нь нэг талаасаа Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон нийтийн өмчийг цөөн хэдэн хүн давуу эрхтэйгээр өмчилж, ашиг олох нөхцөл бүрдүүлдэг. Амьтан бол ард түмний өмч, төрийн хамгаалалтад байх ёстой баялаг. Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцаж, зэрлэг амьтдад хужир мараа, ус дөхүүлж өгснөөрөө тухайн баялгийн өмчлөгч болохгүй” хэмээн ярьсан. Харин БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Ан агнуурын квотод амташсан, дунд нь ченжээр ажиллаж, мөнгө халаасалдаг нөхдүүд ил тод дуудлага худалдааг эсэргүүцэх нь аргагүй. 20 мянган ам.доллароор эрх авч, түүнийгээ цааш нь 120 мянган ам.доллароор дамлан худалдахаар ашигтай байлгүй яах вэ. Эсэргүүцэлгүй яах вэ” хэмээн олон нийтийн сүлжээнд нэлээд хэд хоногийн өмнө бичсэн байдаг. Эндээс тусгай зориулалтын агнууртай холбоотой ашиг сонирхол, хууль бусаар өрнөдөг бизнесүүдийг таслан зогсоох зорилгоор ийм зохицуулалт бий болгосон гэсэн логик нэн түрүүнд харагдаж буй юм.
Тусгай зориулалтын агнууртай холбоотой ил, далд бизнес цэцэглэсэн нь үнэн. Үүнд БОАЖЯ-ны үе үеийн албан тушаалтнуудаас эхлээд УИХ-ын гишүүдийн нэр хүртэл холбогдсоор ирсэн. Эл асуудлыг цэгцлэх цаг нь ч болсон. Гэхдээ яагаад дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын журмаар гэж. Манай улсад эдгээр үйл ажиллагаа тийм шударга, нээлттэй өрнөдөг гэж үү. Үгүй шүү дээ. Үнэхээр ил тод байдлыг чухалчилсан бол одоогийн хуулийн хүрээнд олгож буй тусгай зөвшөөрлийн үйл явцаа “шилэн” болгочиход л хангалттай биш үү. Дуудлага худалдаа илүү мөнгөтэй хүмүүст л боломж олгодог. Тэгэхээр Д.Цолмон даргын хэлсэн цөөн хүнд давуу эрх олгох нөхцөлийг энэ зохицуулалт жинхэнээсээ бүрдүүлэх юм биш үү. Харамсалтай нь, эдгээр асуултад дорвитой хариулт өгчих албан тушаалтан алга. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн нь хүртэл зүг чигээ алдчихсан мэтгайхширч сууна.
Ховор амьтдыг дуудлага худалдаагаар агнуулах, бариулах зохицуулалтыг тодорхой ашиг сонирхлын үүднээс эсэргүүцэж буй хүмүүс мэдээж буй. Гэхдээ амьтны эрх хамгаалах, судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бараг бүх байгууллага ийнхүү дуу нэгтэй нэгдэж, эсэргүүцэж байгаагийн цаад шалтгаан нь юу вэ гэдгийг ул суурьтайгаар бодох хэрэгтэй. Аялал жуулчлалын салбарынхан ч үүнд шүүмжлэлтэй хандаж байна. МУИС-ийн аялал жуулчлалын хөтөлбөрийн ахлах багш, докторант Л.Оюунчимэг ховор амьтдыг дуудлага худалдаагаар агнуулах нь Монгол Улсад төдийлөн ач холбогдолгүй, турк, арабуудыг л “харж үзсэн” шийдвэр гэдгийг хэлсэн. “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн, судлаач С.Дамдинсүрэн “Тусгай ангийн хуваарийг төр нь дуудлага худалдаагаар олгодог жишиг өдгөө дэлхийн хаана ч байхгүй. Үүнийг хэрэгжүүлсэн Турк улс агнуурын салбартаа их хэмжээний хохирол амссан. Улмаар энэхүү бүдүүлэг зохицуулалтыг халж, агнуурын бүс нутгийн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн. Ховор амьтдыг эд бараа адил үзэж, дуудлага худалдаанд оруулснаар гадаадын мөнгөтэй этгээдүүдийн гар хөл болсон хүмүүсийн зугаа цэнгээний талбар болонхувирч, эцэстээ төрийн хяналтаас гарах эрсдэлтэй. Ийм байдалд хүрвэл өнөөгийн ашиглалт-хамгааллын тогтвортой тогтолцоо сүйднэ” хэмээн анхааруулсан бол шувуу судлаач залуу “Манай улс 1997 оноос хойш идлэг, цагаан, эгэл шонхрыг Арабын хойгийн орнуудын язгууртны гэр бүлд төрийн дипломат харилцааны үндсэн дээр бэлэглэлийн шугамаар олгож буй. Шонхор экспортлох үйл явц энэ хугацаанд ямар замбараагүй өрнөснийг хүмүүс бүгд мэднэ. Тэд Монголд дураараа дургиж байгаад л явцгаадаг. Шинэ хууль хэрэгжүүлж эхэлснээр аргаль, янгир зэрэг тусгай зориулалтын бусад амьтны агнуурын менежмент, цогц битүү эргэлттэй “цусны систем” шонхрынх шиг задгай урсгалтай болж сүйдэж болзошгүй” хэмээн анхааруулжээ. Холбогдох байгууллагынхан эдгээр мэргэжилтнийүгийг анхааралтай сонсож, долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар энэ асуудалд хандаасай гэж хүсэж байна. Бугшмал асуудлыг цэвэрлэх гэж байгаад бүр ч их “идээ бээр” татуулах вий. Шинэ хуулиар “шилэн” тогтолцоо бүрдүүлнэ гээд ховор амьтдынхаа нөөцийг барчих вий.