Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б.Гүен Австрид анх удаа зохион байгуулсан сонгодог хөгжмийн олон улсын “Caneres” уралдаанд насны ангилалдаа хоёрдугаар байр эзэлжээ. Хөгжмийн 13 төрлийн зэрэгцээ дуурийн дуучдыг таван хоолой, мөн хөгжмийн зохиолч, удирдаачдыг ч өрсөлдүүлсэн уг уралдааныг 6-32 насныхны дунд явуулсан аж. Сурагч Б.Гүен өмнө нь олон улсын хэд хэдэн уралдаанд амжилттай оролцож байсан билээ. Тухайлбал, өнгөрсөн сард тэрбээр Токиод зохион байгуулсан “Tokyo international youth music competition” уралдаанд IV байр эзэлсэн. Түүний мэргэжлийн багш нь өдгөө дөрөв дэх жилдээ сургуульдаа багшилж буй, Москвагийн Гнесиний нэрэмжит Хөгжмийн академийн төгсөгч Г.Оюун-Эрдэнэ юм.
Бэлтгэсэн Р.Оюунаа