Монголын волейболын холбооноос зохион байгуулсан “Үндэсний дээд лиг 2022” тэмцээн өндөрлөж, аваргаа тодрууллаа. Энэ удаагийн лигт өмнөх жилүүдийнхээс олон легионер оролцож, шинэ багууд хүч түрэн орж ирснээрээ онцлогтой болсон. Багуудын онооны хол зөрүүгүй, гал гарсан тоглолт үзэгчдийг гурван сарын турш огшоож догдлуулав. “Баянхонгор”, “Минжит Булган”, “Өмнөговь шанх транс” багийнхан энэ жилийн дээд лигт залуу тоглогчдоор хүч сэлбэн өрсөлдөж, хагас шигшээд үлдсэн юм. Харин өмнөх лигт түрүүлсэн “Натур мед ноён”, ‘”Хилчин” клубийнхэн аваргаа хамгаалж чадсангүй. Медалийн төлөөх цуврал тоглолтод багуудаас түрүүлж гурван удаа ялалт байгуулсан ньдээд лигийн аваргаар шалгардаг. Эрэгтэйчүүдээс А.Очгэрэл дасгалжуулагчтай, Д.Раднааранцас ахлагчтай “Баянхонгор” багийнхан дээд лигт анх удаа “тоос өргөв”. Тэд аваргын төлөөх тоглолтод “Үндэсний дээд лиг”-т гурван удаа дараалж түрүүлсэн “Хасумегастарс”-ынхантай таарсан. “Баянхонгор” багийнхан цуврал тоглолтод хамгийн хүчтэй өрсөлдөгчөө 3:0, 3:1, 3:1 оноогоор буулган авч, энэ жилийн дээд лигийн аваргаар тодорч, түүх бүтээлээ. Тэгвэл өмнөх лигийн тоглолтуудаас аваргын цом гурван удаа гардсан Б.Түвшинбат дасгалжуулагчтай, ОУХМ А.Даваажаргал ахлагчтай “Хасумегастарс” багийнхан мөнгө, “Өмнөговь шанх транс”-ынхан хүрэл медаль зүүв.