УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхлэхэд УИХ дахь намын бүлгүүдээр нягтлан, төслийн нэр томьёоноос авхуулаад боловсронгуй болгож, олон талаас нь ярилцах нь чухал хэмээн хойшлуулаад байсан юм. Иймд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, дэмжих, эсэхээр санал хураалт явуулав. Дараа нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Төсвийн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүний болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үүнээс гадна Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай явуулсан юм. Харин үдээс хойших хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан ч Засгийн газраас татан авч байгаагаа мэдэгдэв.
Бэлтгэсэн У.Наран