Италийн Ерөнхий сайд хатагтай Жоржа Мелонийг Өрнөдийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Германы Канцлер байсан Ангела Меркельтэй харьцуулж ярьж, бичих болоод байна. Европын Холбооны бусад улсыг хэн удирдаж буйгаас хамаарч нэгдсэн Европын шинэ тэргүүн болох боломж түүнд олдох юм. Юуны түрүүнд фашизмд ойр гэдэг шүүмжлэлээс тэр салах шаардлагатай.
Меркель Герман улсаа бараг 16 жил удирдаж, “мөнхийн Канцлер” гэгдэх болоод байсан юм. “Мөнхийн хот”-ын уугуул Мелонигийн хувьд одоогоор ийм зүйлийг зөвхөн мөрөөдөж л болох. Итали бүсгүй албан тушаалын шатаар асар хурдтай өгссөнийг нь эс тооцвол энэ хоёр эмэгтэйн намтар тун төстэй. Эрчүүдийн л ажил мэт байсан улс төрд хоёул эрт хөл тавьсан. Меркель 36 насандаа, Мелони 31-тэйдээ сайд болсон. Бас улсынхаа Засгийн газрыг тэргүүлэх болсон анхны бүсгүйчүүд. Германы Канцлер асан Ангела Меркель Баруун Германд төрж, Зүүн Германд өсөж, химич мэргэжил эзэмшээд, судалгаа шинжилгээний ажил эрхэлсэн ч улс төрийг мартаагүй, залуучуудын байгууллагад ухуулга, сурталчилгаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан байдаг. Түүнийг удаан хугацаанд хүмүүс анзаараагүй гэдэг. Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамны сайд болчихоод байхад нь л Меркелийг “сүүний фермийн охин” гэж нэрлэдэг байж. Гэлээ ч нөхцөл байдал шаардвал удирдлагатайгаа зөрчилдөхөөс тэр буцдаггүй байв.
Мелони залуудаа хэт барууны залуучуудын хөдөлгөөнд элсэж, 21 настайдаа Ром хотын Зөвлөлийн депутат болов. Удалгүй Сильвио Берлусконигийн бүлэгтэй ойртлоо. Улмаар түүний дэмжлэгээр 2006 онд Италийн Парламентын хамгийн залуу эмэгтэй депутат болжээ. Хоёр жилийн дараа Берлускони түүнийг Залуучуудын ажил эрхлэх яамны сайдаар томиллоо. Меркель, Мелони хоёрын зам чухам эндээс салсан байна. Меркель гэдэг хүн нэгдмэл, бие даасан Европын бэлгэтэмдэг байсаар ирсэн бол Мелони АНУ-ын талыг баримтлагчдын төлөөлөл юм. Муссолинигийн фашист дэглэм унасны дараа Италийн хэт барууны үзэлтнүүд уламжлалаа даган Вашингтоныг түшиглэсэн. ЗСБНХУ-ыг задрах хүртэл Италид нэлээд нэр алдартай байсан коммунистуудтай тэмцэхэд америкчууд л тусална гэж тэдүздэг байлаа. Дараа нь коммунист нам нь “Ардчилсан” болон хувирч, марксизмаас бүрэн татгалзсан ч дучегийн талынхан америкчуудад үнэнч хэвээр байв.
Тийм болохоор Төвөдөд хүний эрх зөрчиж байна гэх шалтгаанаар Бээжинд зуны олимпын тоглолт зохион байгуулахыг Мелони залуу насандаа эсэргүүцэж байсан нь санамсаргүй биш аж. “Хятадын “Нэг бүс-нэг зам” санаачилгад нэгдсэн, Европын аж үйлдвэр өндөр хөгжсөн анхны улс боллоо” хэмээн тэрбээр 2019 онд Италиа шүүмжилж байсан. Ирээдүйн Ерөнхий сайд 2022 оны парламентын сонгуулийн өмнө Италийн тусгаар тогтнолыг Украиныхтай адилтган үзэж, Европт Орос, Хятадын өдөөж буй түрэмгийллийг эсэргүүцэхээ мэдэгдэж байлаа.
Итали бол Европын Холбооны гурав дахь томэдийн засаг юм. Өөрийнх нь бодлоор “эдийн засгийн чөлөөт холбоо” болж хувирах ёстой Европын Холбоонд Итали улсаа тэргүүлэгч болгоно гэдэгтээ Мелони эргэлзэхгүй байгаа. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг парламентын сүүлчийн сонгуулийнхаа дараа хүч тамираа шавхсан улстөрч гэж дүгнэдгээ бас нуудаггүй. Энэ итали бүсгүйн үзэж буйгаар Германы Канцлер Олаф Шольц Европыг тэргүүлнэ гэхэд өөртөө хэтэрхий итгэлгүй хүн аж.
Италийн Ерөнхий сайд шинэ Меркель болохын өмнө юуны урьд шинэ Муссолини биш гэдгээ нотлох ёстой юм. Европын Холбооны үнэт зүйлсийг Ром дэмжихийг хүсэхгүй байвал Брюссель түүнд Польш юм уу, Унгарт хандсан шигээ үнэт цаасыг нь царцааж, торгох арга хэмжээ авах болно гэж Евро комиссын тэргүүн Урсула фон дер Лейен сонгуулийн өмнө анхааруулж байв. Үүнээс болсон биз, Засгийн газрын тэргүүний албаа хашиж эхэлмэгцээ Жоржа Мелони өөрийнхөө үнэнчид Европын хүнд сурталтнуудыг эргэлзүүлэхгүйн тулд Брюссельд яаран очив. Түүний энэ хандлага Европын Холбооны удирдлагад таалагдсан байна. Фон дер Лейений хэлснээр энэ нь “хүчтэй дохио” байлаа.
Мелонигийн үзэл бодол Европын Холбооны үнэт зүйлсээс ихээ хол юм. Тухайлбал, Африкийн цагаачидтай Ром шийдвэртэй тэмцэх байр суурьтай байдаг. Дүрвэгсдийг ачсан, Германы далбаатай, Сицилийн эргийн дэргэд зангуугаа хаяад байсан “Humanity I” хөлөг онгоцыг олон улсын бүс рүү хөдөлгөнө хэмээн Италийн эрх баригчид Ерөнхий сайдаа Брюссельд айлчилсны маргааш нь мэдэгдэж байлаа. Хууль бус 234 цагаач суулгасан, Францын “Ocean Viking” онгоцыг усан зогсоолд нэвтрүүлэлгүй хоёр долоо хонож ч байв. 2022 оны эхнээс Итали руу тэнгисээр 90 мянга гаруй дүрвэгч ирсний 15 мянга орчмыг нь шүүхээр оруулсан ньчбий. Үүний зэрэгцээ дүрвэгчдыг хуваарилахад Европын Холбооны улсууд Ромд туслах гэж яарахгүй байсан юм. Мелони эхнээсээ хатуу харгис, буулт, тохиролцоо хийхгүй байсан нь Франц, Герман, Испани улсын зүгээс ширүүн шүүмжлэлд өртөхөд хүргэсэн.
Хэдийгээр чадал боломж байгаа ч Мелони Меркелийн амжилтыг давтаж, Европын Холбооны удирдагчдын нэг нь болж чадахгүй гэдэгт “РИА новости” агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулсан шинжээчид эргэлзэхгүй байна. Итали дахь нөхцөл байдал хийгээд Европын Холбооны онцлог түүнд саад болох ихээхэн магадлалтай. “Мелонигийн хувьд хууль бус цагаачид гол саадын нэг байх болно. Хүний эрх, өөрийн иргэдийн аюулгүй байдлын тэнцвэрийг Европын Холбоо яагаад ч олж чадахгүй. Африкийн дүрвэгчдийн хувьд урьд нь Итали дамжин өнгөрөх газар нь байсан. Харинсүүлийн үед дүрвэгчид өөр хаашаа ч биш, чухам энэ улсад үлдэхийг илүүд үзэх болсон” хэмээн Оросын ШУА-ийн Олон улсын эдийн засаг, харилцааны хүрээлэнгийн Европын улс төрийн шинжилгээний хэлтсийн дарга Надежда Арбатова тэмдэглэсэн байна.
Урьд нь эрх баригч эвсэлд Мелонигийн түнш байсан Маттео Сальвини хатуу ширүүн аргаар дүрвэгчдийн урсгалыг зогсоохыг оролдоод Европын Холбооны эсэргүүцэлтэй тулгарч, аргагүйн эрхэд ухрахад хүрсэн юм. Түүнийг хүмүүнлэгийн сүйрэл бий болгосон хэмээн үзэншүүхээр оруулж, удалгүй цагаатгаж байв. Ямар ч байлаа гэсэн Италийн нийгэм хууль бус цагаачдад найрсаг ханддаггүй. Цагаачид ч италичуудын амьдралын уламжлалт хэв журмыг зөрчдөг, гудамж, талбайд хог новш бөөгнөрч, гэмт хэрэг нэмэгддэг.
“Мелони Европын Холбооны хэм хэмжээг сөрөх юм бол цар тахлын хямралаас гарахад нь хэрэгтэй санхүүгийн тусламжийг Итали авч чадахгүйд хүрнэ. Тиймээс Брюсселийн хоригоос зайлсхийж чадаад, дүрвэгчдийн асуудлыг шийдлээ ч өөрийнх нь сайд нарын танхимд Мелонийг төвөгтэй байдал хүлээж байгаа. Италийн эвслийн Засгийн газрын дундаж нас 1.5-2 жил байсаар ирсэн. Баг сайн ажиллалаа ч гишүүд нь улс төрийн амбицаасаа үүдээд байнга зөрчилддөг. Мелонигийн тэргүүлж буй эвсэл ч ялгаагүй, цаг хугацаа өнгөрөх тусам ихсэхан цав нь одоо ч ажиглагдаж буй” хэмээн шинжээч тэмдэглэжээ.
Италийн засгийн эрхийг хэт барууны үзэлтэй Ерөнхий сайд барилаа ч Европын Холбоог эрс өөрчилж чадахгүй гэж Европын судалгааны төвийн удирдагч Алексей Кузнецов үзэж байна. “Европын Холбоонд томоохон улсууд нь ялангуяа дэлхийн дэг журамд өөрчлөлт орох үед ямар нэг хэмжээгээр нөлөөлж байдаг. Ийм улсын тоонд Итали ордог” гэж тэрбээр хэлсэн юм. Итали, Герман, Франц, Унгар болон бусад улсын Европт үл итгэгчдийг нэгдэнэ гэж хүлээгээд нэмэргүй. Ногоонтнууд хийгээд социал-демократуудаас ялгаатай нь баруунтнууд хамтран ажиллана гэдэг ньмаш төвөгтэй байсаар ирсэн. “Европын нэгдмэл гэр бүл гэдэг үзэлд үндэстний үзэлтнүүд таатай ханддаггүйг, ийм талбар дээр холбоо байгуулахыг ч ойлгодоггүй” хэмээн шинжээч тайлбарлав. Жишээлэхэд, Польш мэтийн Европын Холбооны хөгжил доогуур мөртөө Европын цөм болсон улс, ард түмнүүдийн эрх ашигт харш бодлого явуулдаг түншүүдийнхээ “хоолны савнуудыг” тэжээх хэрэгтэй болж буйдаа Итали сэтгэл дундуур байдаг аж.
Бэлтгэсэн Р.Жаргалант