Өнгөрсөн хоёрдугаар сард Леди Гагагийн туслах Райан Фишер дуучин эмэгтэйн гурван нойхойг гадаа салхилуулж байхад нь үл таних этгээд буудаж унагаагаад амьтадыг аван зугтжээ. Энэ хэрэг гарах үеэр Леди Гага Италид киноны зураг авалттай байсан агаад эмгэнэлт явдлын талаар мэдээд "Райн Фишер, би чамд хайртай хэвээрээ байгаа шүү. Чи амь насаа эрсдэлд оруулан байж бидний гэр бүлийн төлөө тэмцлээ" гэж өөрийн Твиттер хуудсандаа жиргэж байжээ. Поп дуучны туслах Фишер амьд үлдсэн ч өрөөсөн уушгиныхаа талыг тариулсан аж.
Леди Гага хайртай нохойнуудыг нь олж өгсөн хүнд 500 мянган ам.долларын шагнал амласан байна. Хоёр хоногийн дараа нэгэн эмэгтэй бульдогуудыг хэргийн газраас их хол шонгоос уясан байхыг оллоо гэсээр иржээ.
Уг гэмт хэрэг хяналтын камерт бичигдсэн тул гэмт этгээд болон хамсаатнуудыг нь шуурхай баривчилсан байна. Тэд хэний нохойг хулгайлснаа мэдээгүй бөгөөд мөнгө олохын тулд л үйлджээ. Хар зах дээр Франц бульдог нохой арван мянган доллар хүрдэг аж.
Хагас сая долларын шагнал зарлахад гэмт хэрэгтнүүдийн нэгнийх нь эцэг өөрийн найз бүсгүйг алга болсон нохдыг санамсаргүйгээр олсон болгож дуучин эмэгтэй рүү явуулсан байна.
Ингээд поп одын туслахыг буудаж, бульдогуудыг нь хулгайлсан этгээд 21 жил, хамсаатнууд нь 4 ба 6 жил хорих ял авсан бол, бульдогуудыг олсон гэх эмэгтэй шүүхийн шийдвэрийг хүлээж байна.