Хуульч мэргэжилтэй, либерал улс төрч эмэгтэй Наташа Пирц Мусар Словени улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд сонгогчдын 54 хувийн санал авч ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр хоёр сая хүн амтай, Европын Холбооны гишүүнээр элсээд 15 жил болж байгаа, зүүн Европын энэхүү жижиг улсын Төрийн тэргүүн болов. Тэрбээр нам бус ч зүүн төвийн үзэл баримтлалтай Засгийн газрын дэмжлэг хүлээж байсан юм. Сонгууль арваннэгдүгээр сард болсон. Түүний өрсөлдөгч нь консерватив чиг шугамтай Ардчилсан намаас нэрийг нь дэвшүүлсэн Анже Логар байв. Энэхүү Логар Словенийн сүүлчийн Засгийн газар (Янез Яншагийн тэргүүлсэн)-т Гадаад хэргийн сайдаар ажиллаж байлаа. Тэрбээр сонгуулийн эхний шатанд шаардлагатай тооны санал авч чадаагүй ч тэргүүлж явсан. Улсдаа төдийлөн нэгэн дуугаар талархал хүлээдэггүй Ерөнхий сайдаасаа хөндийрч чадаагүй гэж үздэгээс тэрбээр хангалттай санал аваагүй юм. Энэ оны зургадугаар сард Яншагийн халааг авсан Хүрээлэн буй орчныг хамгаалахын сайд хэрэв хуучинсаг үзэлтэй нэр дэвшигч (Логар)-ийг сонгогчийн олонх дэмжвэл улс маань “харанхуй цаг үе рүү” эргэнэ гэж сануулж байв.
Пирц Мусар 1968 онд Словенийн Любляна хотод төрсөн байна. Төрөлх хотынхоо их сургуулийн хуулийн ангийг 1992 онд төгсөж, таван жилийн дараа холбогдох шалгалтыг нь өгч өмгөөлөгчийн эрхтэй болов. 2015 онд Австрийн Вена хотын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Английн Манчестер хотод Солфордын их сургуулийн сэтгүүлчийн салбарт богино хугацаанд суралцаж байхдаа ВВС, “Granada TV”, “Sky news”, “Reuter TV”, “Border TV”-д мэргэжлийн дадлага хийжээ. Бас сонинд нийтлэл бичиж, радиод ч ажиллав. 1990-1996 онд Словенийн үндэсний “RTV Slovenia”-д мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч, сэтгүүлчээр ажилласан байна. Энэ ажлаа үргэлжлүүлж 1996-2001 онд Словенийн арилжааны томоохон “Pop TV”-ийн мэдээллийн үндсэн хөтөлбөрт хөтлөгчийн ажил хийв.
Пирц Мусар 2003 онд Словенийн Дээд шүүхийн Сургалтын төвийн захирал боллоо. Түүнийг нийгмийн мэдээллийг олон түмэнд хүртээлтэй болгох асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгчөөр Үндэсний ассамблей (парламент) нь 2004 онд сонгов. 2009 онд Европын Ажиглалтын нэгдсэн мэдээллийн байгууллагын дэд ерөнхийлөгч болж, 2013 онд уг байгууллагын ерөнхийлөгчөөр томилогджээ. 2014 оны эцсээр Словенийн өмгөөлөгчдийн коллегийн өмгөөлөгчийн тангараг өргөв. Мөн онд хувийн хуулийн фирмээ байгуулж, өнөө хэр нь түүнийгээ удирдаж байна.
Наташа Приц Мусар хувь хүний нууцыг хамгаалах, олон нийтийн мэдээллээс хүртээх салбарын шинжээчээр 15 гаруй жил ажилласан туршлагатай юм. Тэрбээр Черногори, Серби, Украины хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулахад оролцож, Армени, Черногори, Гамби, Гүрж, Косово, Македони, Серби, Украинд шүүгч, төрийн албан хаагчдад сургалт явуулж байжээ. 2014-2015 онд Словенийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, 2015-2016 онд Улаан загалмайн байгууллагыг нь тэргүүлж байв. Пирц Мусар хорват, серби, англи хэлээр чөлөөтэй харилцана, орос хэл мэднэ. Тэрбээр Словенийн Ерөнхийлөгчийн сонгуульд 2022 оны зургадугаар сард бие даан нэрээ дэвшүүлжээ.
Словенийн төрийн шинэ тэргүүн Украин дахь мөргөлдөөнийг энхийн замаар, яриа хэлэлцээрийн шугамаар зохицуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа юм. Словенийн Ерөнхий сайд ЯнезЯнша өнгөрсөн гуравдугаар сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотод уулзсан байна. Уг уулзалтад Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий, Чехийн Ерөнхий сайд Петр Фиала нар оролцож, Украинд томоохон багц дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Словенитэй тогтоосон харилцаа “хөлдөх цэгт” хүрлээ гэж Оросын Гадаад хэргийн яам зургадугаар сард мэдэгдсэн. Энэнь Словенид байгаа Оросын Элчин сайдын яамны дипломат ажилтны тоог 80 хувь цөөрүүлж, 41 байсныг найман хүн болгох шийдвэр Любляна(Словенийн нийслэл) гаргаснаас үүдэлтэй байв. Орос ч хариу арга хэмжээ авч, Москва дахь дипломат ажилтнаа дөрвөн хүнээр цөөлөхийг шаардсан ноот бичгийг Словенийн хэргийг түр хамаарагчид гардуулсан байна.
Украинд дайн дэгдээсэнтэй нь холбогдуулан Оросыг “түрэмгийлэгч” гэж нэрлэж, Донецкийн болон Луганскийн ардын БНУ-ууд, Херсон, Запорож мужид 2022 оны есдүгээр сарын эцсээр бүх нийтийн санал хураалт явуулсныг нь “олон улсын эрхийг” зөрчсөн гэж Словени улс үзсэн. Үүний зэрэгцээ НАТО-д Украин элсвэл тус эвсэл Оростой зэвсэгт тэмцэлд оролцсон гэх үндэслэл болно гэж үзэж байв. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо Словенийн цэргүүд “тулалдааны талбар луу явах ёстой” гэсэн байр суурьтай байлаа. Москва, Киевийн хоорондын энхийн хэлэлцээр байгуулахыг Европын Холбооны улстөрчдөөс хэт цөөн хүн дэмжиж буй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй яриа хөөрөө хийхийг хүсэхгүй байгаа Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгийн байр суурийг ойлгоход төвөгтэй байна. Зөрчил сөргөлдөөнд цэг тавихыг хүсэжл байгаа бол хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэж тэрбээр мэдэгдэв. Киевт тусламж үзүүлэх чиглэл Европын Холбоо баримтлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа аж.
Сонгуулийн өмнөх сурталчилгааны үед тэдний мэдлийн компаниудын хөрөнгийн зарим хэсгийг оффшор бүсэд байршуулсан гэх маргаан гарч байв. Ерөнхий сайд асан Янша Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд нэг талаас Словенийн тусгаар тогтнолын, нөгөө талаас татвараас зугтагчийн үнэт зүйлс мөргөлдөж байна хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Словенийн парламентын тогтолцоонд Ерөнхийлөгч үндсэндээ ёслол хүндэтгэлийн үүрэгтэй. Харин тав таван жилийн бүрэн эрхийн хугацаанд улс төрийн дотоод үйл хэрэгт ховорхон оролцож байсан, халаагаа өгч буй Ерөнхийлөгч Борут Пахороос огт өөрөөр ажиллах болно хэмээн Пирц Мусар мэдэгджээ.
Словенийн бүх иргэдийн Ерөнхийлөгч байж, ардчилал, хүний эрхийг хамгаалж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэнэ хэмээн Пирц Мусар амлав. Словени улсаа ахмад настнууд нь элбэг хангалуун амьдардаг, тэднийхээ үг сургаалыг сонсдог, залуучууд нь эрх орныхоо эзэн нь байхыг хүсдэг орон байлгахын төлөө зүтгэнэ гэж амлалаа.
Хууль засагласан, Европын нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэсэн, олон улсын байгууллагад гишүүнээр элссэн улс байх нь Словенийн гадаад бодлогын үндсэн чиглэл байх ёстой гэж Пирц Мусар үзжээ. Орос, Хятад, Энэтхэг улс нь олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хариуцлага хүлээх хүч байх учиртай. Энд АНУ-ыг мартаж болохгүй. Жижиг улсууд хамтран ажиллаж, том гүрнүүд олон улсын эрхийг хүндэтгэж, бие даасан тэгш байдал, хамтын ажиллагаанд суурилсан хариуцлагатай удирдан чиглүүлэх үүрэг хүлээх ёстой гэж тэрбээр мэдэгдлээ. Голлох салбаруудад бид төслүүдийг өвлөн авч үргэлжлүүлэхгүй байгаагаас бусад орон биднээс давуу хөгждөг. Манайд Засгийн газар солигдох бүрт бүгдийг шинээр эхэлж буйнь өмнөх хүмүүстээ итгэхгүй байгаатай холбоотой гэж Пирц Мусар хэллээ.
Словенийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пирц Мусар АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трампыг ажиллаж байхад түүний гэргий Мелани Трампын эрх ашгийг хамгаалж байв. Энэ нь Мелани Словенийн уугуул байсны зэрэгцээ түүний нэр устай холбоотой бүтээгдэхүүнээр ашиг олохыг оролдсон компаниудын үйл ажиллагааг зогсоох гэсэн эрмэлзлээр хандсан хэрэг байжээ. Үүнээс хойш энэ хоёр бүсгүй дотно харилцаатай байх болжээ. Түүнээс гадна Эдвард Сноуденийг илчлэгдсэний дараа Пирц Мусар АНУ-ын талтай яриа хэлэлцээр хийж байсан аж.
Пирц Мусар бизнес эрхлэгч Алень Мусартай гэр бүл болсон бөгөөд тэд нэг хүүтэй юм. Эднийх “Орос зуслан” нэртэй эзэмшил газартаа аж төрдөг байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант