40 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам боллоо. Тус наадмыг Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн санаачилгаар анх 1983 оны арванхоёр дугаар сард зохион байгуулсан түүхтэй. Энэ удаагийн “Болор цом”-д Монголын зохиолчдын болон Монголын урчуудын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч, зураач М.Амархүү “Ургийн мод” хэмээх тоон хэлхээс бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ. Тэрбээр “Болор цом” наадамд анх 1993 онд оролцсон. Түүнээс хойш жил алгасалгүй оролцсон гэхэд болно. 40 дэх удаагийн тэгш ойн баярт наадамд түрүүлсэндээ баяртай байна. Анх яруу найргийн аваргуудынхаа тоосон дунд залуу найрагч хэмээгдэн шүлэг уншиж явсан дурсамж минь санаанд буулаа. Тэдний залгамж халаа болсон үеийнхээ нөхөд болон залуу дүү нартайгаа шүлгэн хүлгээ уралдуулж буйдаа баярладаг. Олон жил шүлэг найраг бичиж, тууштай байсны минь үр дүн гарлаа. 40 жил тасралтгүй зохион байгуулсан энэ том наадмын тэргүүн байрыг хүртсэн минь их хувь заяа” гэв.
Монголын зохиолчдын эвлэлээс уг наадмын сүүлийн шатанд 40 найрагчийн бүтээлийг шалгаруулсан юм. Тэднээс дэд байрт Д.Галсансүх “Сэтгэлзүйн тууриуд”, гуравдугаар байрт О.Цэнд-Аюуш “1218 оны дурсгалд” шүлгээрээ шалгарсан. Мөн Л.Моломжамц “Хуучин даавуу шиг”, Ц.Гончиг “Хайрын зовлон яг ямар вэ” шүлгээрээ удаалжээ. Наадмын ерөнхий шүүгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач Ц.Энхбат ажилласан юм.
Бэлтгэсэн А.Хангал