Өнгөрсөн баасан гаригт буюу 11-р сарын 18-нд эхэлсэн Brent маркийн нефтийн үнийн огцом бууралт энэ долоо хоногийн эхээр улам доошлов. Лондонгийн ICE биржийн мэдээллээс үзэхэд нэг торх газрын тосны үнэ 83 ам.доллараас доош унасан бол Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны 12 дугаар сард нийлүүлэх үнэ 35 цент буюу 0.44 хувиар буурч, 79.73 ам.долларт хүрчээ
Саудын Араб болон бусад ОПЕК+ газрын тос олборлогч орнууд олборлолтоо өдөрт 500 мянган баррель хүртэл нэмэгдүүлэх талаар ярилцаж байна гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийн дагуу газрын тосны үнэ ийнхүү буурч эхэлсэн.
Гэвч Саудын Арабын төрийн агентлаг эдгээр мэдээллийг эрс няцааж байгаа бөгөөд “ОПЕК+”-ийн орнуудын хэлцэлт хүрсэн газрын тосны олборолтыг өдөрт 2 сая баррелиар бууруулах шийдвэр 2023 оныг дуустал үргэлжилнэ гэж мэдэгдэв. Шаардлагатай бол зах зээлийг тэнцвэржүүлэхийн тулд холбоо цаашид үйлдвэрлэлээ танахад ч бэлэн гэдгээ мэдэгдэв.
Зах зээлийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Европын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нөөц нь бүс нутгийн хэрэгцээнээс хамаагүй их байгаа тул газрын тосны илүүдэлтэй байгаагаас гадна Бразил, Гайана, Канад, АНУ-тай газрын тос нийлүүлэх талаар олон гэрээ байгуулсан тул газрын тосны хомстол нүүрлэх сөрөг хүлээлт үндэслэлгүй аж.
Нөгөө талаар Оросын газрын тосыг Европын бүс нутагт далайгаар нийлүүлэхэд хориглосон Европын Холбооны хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болохоос хэдхэн долоо хоногийн өмнө энэхүү огцом бууралт болж байгааг зарим шинжээчид онцолж байна.