Баруун аймгийнхныг импортын эх үүсвэрээс ангижруулж, ногоон эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажлыг 2023 оны хавар бүрэн эхлүүлэхээр төлөвлөжээ. Уг нь ЭХЯ, өмнөд хөршийн компани хооронд өнгөрсөн жилийн намар байгуулсан гэрээ ёсоор бол элажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх учиртай байв. Харамсалтай нь, хөрөнгө оруулалт, газар чөлөөлөлтөөс үүдэлтэй олон саад бэрхшээлийн улмаас төлөвлөсөн ёсоор болсонгүй. Өдгөө ч асуудал бүрэн шийдэгдээгүй, төслийн гацаа арилаагүй байна.
Усан цахилгаан станц барихад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр болох 288 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг БНХАУ хэзээ шийдэх нь тодорхойгүй хэвээр. Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх өнгөрсөн хавар “Зээлийн тусгайлсан хэлцэл хийж байна. Монголын талаас шалтгаалах бүх зүйлийг хийсэн. Хүлээх л үлдлээ” хэмээн ярьж байсан бол ЭХЯ-ны харьяа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийнхэн өдгөө “Манай талаас шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж, тус улсын Эксим банканд өгсөн. Тэд зээлийн материалыг судлан, эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр үүнийг шийдэх учиртай” гэж мэдээллээ. Тэгэхээр төслийн санхүүжилтээс хамаараад барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаандаа эхлүүлж чадахгүй байж ч мэдэх нөхцөл эндээс харагдаж байна.
Олон нийт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн барилга угсралтын ажил хэдийн эхэлсэн гэж ойлгож буй. Албаны хүмүүс ч өнгөрсөн намраас хойш ингэж мэдээлж байгаа. Барилга угсралтын ажил гүйцэтгэхээр Увс аймгийн Өмнөговь сумын нутагт техник хэрэгсэлтэйгээ очсон “Пауэр Чайна-Чэнгдү” компанийнхныг орон нутгийн иргэд эсэргүүцэж, үйл ажиллагаанд нь саад учрууллаа гэсэн мэдээлэл, дүрс бичлэг өнгөрсөн есдүгээр сард цахим сүлжээнд тархсан нь энэ ойлголтыг улам лавшруулсан. Бодит байдалд гүйцэтгэгч компанийнхан Өмнөговь сумын нутагт барилга барихаар бус, төслийн бэлтгэл хангах зорилгоор газар шорооны аар саархан ажил хийхээр очсон нь тэр байж. Өдгөө тэд цахилгаан станцын үндсэн барилга, байгууламж барих хэсэг буюу Ховд аймгийн Мянгад, Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд ажиллаж байна. Тэнд одоогоор ганц ширхэг тоосго ч тавиагүй бөгөөд станц, далан, газар доорх байгууламжийн гүний өрөмдлөг, судалгаа хийж буйгэнэ. Дөрвөн сар орчмын хугацаанд гүйцэтгэсэн уг ажлын үр дүнд цахилгаан станцын барилгын зураг төслийг бүрэн дуусгах боломжтойг төслийн нэгжийнхэн онцлов. Санхүүжилтээс гадна барилгын ажлын зураг ч бэлэн бус аж.
Төслийн нөлөөллийн бүсэд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн дөрвөн сум багтаж буй. Үндсэн барилга, байгууламжийг Ховд аймгийн нутаг дэвсгэрт барих ч усан сан бүрэлдэх талбай нь Баян-Өлгийн Баяннуур, Увсын Өмнөговь сумын газар нутгийг хамарч байгаа. Энэ хэсэгт 270 гаруй өрхийн 1251 иргэн амьдардаг гэсэн тооцоо бий. Эдгээр айлынхан, ялангуяа Өмнөговь сумын иргэд төслийг хүчтэй эсэргүүцэж, газар чөлөөлөхөд саад учруулсаар ирсэн. Тиймээс Засгийн газар нөлөөллийн бүсэд мэргэжлийн байгууллагынхнаар үнэлгээ хийлгэн, хашаа, барилга, байгууламжтай айлуудад үл хөдлөх хөрөнгийн нөхөн төлбөр болгож нийт 9.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тэрчлэн хүн тус бүрт сэтгэл санааны хохирол гэж 15.2 сая төгрөг нэг удаа олгох асуудлыг өнгөрсөн хавраас хойш ярьсан юм. Тэгвэл Засгийн газар нөлөөллийн бүсэд амьдарч буй өрхийн иргэн бүрт нөхөн төлбөр олгох журмыг хэдийн баталжээ. Үүний дагуу орон нутгийн удирдлагууд энэ сард цөөн тооны айлтай гэрээ байгуулсныг төслийн нэгжээс мэдээлэв.
ЭХЯ-ны харьяа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийн усны барилга, байгууламжийн инженер Б.Болд “Нөлөөллийн бүс дэх айлуудтай хоёр төрлийн гэрээ байгуулах ёстой. Нэг нь эд хөрөнгийн, нөгөө нь нэг удаагийн нөхөн олговрын. Одоогоор цөөн тооны өрх нөхөн олговрынхоо тодорхой хувийг урьдчилан авч, орон нутгийн захиргаатайгаа гэрээ байгуулаад байна. Эдгээр айл үлдэгдэл төлбөрөө авсны дараа газраа ямар ч эсэргүүцэлгүй чөлөөлөх үүрэг хүлээсэн” гэсэн юм. Тэрбээр яг хэчнээн өрх гэрээ байгуулсан талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд орон нутгийн удирдлагаас асуухыг санал болголоо. Энэ дагуу Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагаас тодруулав.Тэрбээр “Төслийн нэгжээс хийсэн судалгаа, тоо баримтад тулгуурлан нөлөөллийн бүс дэх айлуудтай гэрээ байгуулж эхэллээ. Засгийн газар энэ жил нөхөн олговорт хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. 2022 ондоо багтаж гэрээ хийсэн айлуудад үүнийг олгох юм. Ер нь нөхөн төлбөрийн дийлэнхийг Баяннуур, Өмнөговь сумын айлуудад олгохоор байгаа. Манай аймгийн хувьд байгаль орчны үнэлгээний компаниуд 70 гаруй айл хамруулсан судалгаа хийгээд, наймд нь нөхөн төлбөр олгох тооцоо гаргасан юм билээ. Эхний ээлжид тэр айлуудтай зөвшилцөөд, нүүлгэн шилжүүлэх гэрээ байгуулж байна. Би ажлаа авсны дараа эдгээр сумын иргэдтэй уулзсан. Мянгад, Эрдэнэбүрэн сумынхантай нэлээд сайн ойлголцож, зөвшилцсөн. Тэдний зүгээс ямар нэг эсэргүүцэл байхгүй. Баяннуур сумынхны хувьд ч ялгаагүй нааштай хүлээж авсан. Харин өмнөговьчууд эсэргүүцсээр байгаа. Тухайн бүс нутагт байгаль орчны судалгаа, үнэлгээ хийсэн хүмүүс орон нутгийн иргэдтэй эхнээсээ зүй бус харилцсан, “Улсаас хэрэгжүүлэх төсөл учраас эсэргүүцээд нэмэргүй” гэх зэргээр зохисгүй хандсан нь үл ойлголцол үүсэх, эсэргүүцэх шалтгаан болсон юмбилээ. Нөгөөтээгүүр, байгаль орчны судалгаа, үнэлгээг зохих түвшинд, сайн хийсэн, эсэхэд эргэлзэж буй иргэд ч бий. Үүнийг эсэргүүцэл гэхээсээ илүү байгаль орчноо гэсэн зовнил, хяналт гэж харж байна. Ийм хэмжээний томоохон төсөлд энэ зэргийн саад бэрхшээл тулгарах нь түгээмэл. Гол нь холбогдох судалгаа, тооцооллыг олон улсын жишиг, стандартын дагуу чанартай хийх ёстой. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг асуудалтай холбоотойгоор ойрын хугацаанд Увс аймагт ажиллана гэсэн мэдээлэл бий” хэмээсэн юм. Мөн өмнө нь хийсэн судалгаа, үнэлгээ, нөхөн төлбөрийн тооцоололтой холбоотой “эргэж харах”, нягтлах зүйл олон байгааг ч хэлэв.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хариуцсан нэгж, орон нутгийн удирдлагууд иргэдийн хандлагыг ийнхүү эерэг өнцгөөс тайлбарлаж, тэдэнтэй ойлголцохыг хичээж буй ч бодит байдал дээр ашиг сонирхлын үүднээс уг ажилд саад тушаа болж байгаа хүн цөөнгүй. “Бэлчээр, уснаас минь бүү салгаач” хэмээн уйлан дуугарч, эсэргүүцлийн хурал, жагсаал зохион байгуулж байсан хүмүүс нөхөн төлбөр олгох сургаар “Төр иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй, хөрөнгүйгээр нь ялгах ёсгүй. Өгвөл бүгдэд нь ижил төлбөр олгох хэрэгтэй” хэмээн дээгүүр, доогуур гүйлдэж эхэлснийг орон нутгийн удирдлагууд хэлж байсан юм. Мөн хүн бүрт нэг удаагийн нөхөн төлбөр олгох тухай ярьж эхэлмэгц зарим нь өөр нутагт амьдардаг үр хүүхэд, төрөл саднаа хаяа бараадуулсан тохиолдол цөөнгүй гарсан. Тэгвэл одоо ч энэ төслөөс ашиг харсан, төрөөс олгохоор шийдвэрлэсэн нөхөн төлбөрийг чамлаж буй иргэд орон нутагт эсэргүүцлийн “хөдөлгөөн” өрнүүлж байгааг эх сурвалжууд хэллээ.
Тухайлбал, Ховд аймгийн Мянгад, Эрдэнэбүрэн сумын зарим иргэн төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг дутуу дулимаг хийсэн байж болзошгүй гэдэг асуудлыг хөндөж эхэлжээ. Усан цахилгаан станц ажиллаж эхэлснээс 5-10 жилийн дараа тус сумдын байгаль орчин, иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг “ихэд сонирхох” болсон байна. Харин Өмнөговь сумынхан биет хөрөнгийн үнэлгээг Баяннуурынхаас доогуур тогтоосонд бухимдалтай буй аж. Түүнчлэн зарим нь иргэдэд олгох нэг удаагийн нөхөн төлбөрийн хэмжээг хангалтгүй гэж голж суугаа сурагтай. Тэд цаашид бүр ч гэдийж магадгүй. Учир нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнгөрсөн долоо хоногт Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Засгийн газар нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдэд 15.2 сая төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн бол эрхэм гишүүн үүнээс хоёр дахин их хэмжээний мөнгө олгох хуулийн төсөл санаачиллаа. Энэ нь иргэдийн дунд хүлээлт үүсгэж, ажил удаашрах бас нэгэн шалтгаан болж байгааг Засаг дарга Э.Болормаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Энэхүү бүтээн байгуулалтын төслийн нөлөөнд 270 өрхийн 1251 иргэн өртөж, амьжиргаанаасаа салах, эд хөрөнгөөрөө хохирох нөхцөл тулгарсан. Энэ нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг шууд зөрчиж байгаа тул тэдэнд нэг удаагийн нөхөн олговор зайлшгүй өгөх шаардлагатай” хэмээн онцолсон байна билээ. Нөхөн олговрыг төслийн санхүүжилтээс олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Уг нь Засгийн газар зохих байгууллагынхнаар судалгаа, үнэлгээ хийлгэсний үндсэн дээр, холбогдох хууль, журмын хүрээнд тэдгээр өрхөд биет хөрөнгийн нөхөн төлбөр олгохоор болсон. Мөн хууль, эрх зүйн үндэслэлийг үл харгалзан, сэтгэл санааны хохирол барагдуулах нэрийдлээр иргэн тус бүрт 15 сая төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн. Уг төслийн холбогдох судалгааг хийсэн, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Сосорбарамын хэлснээр Монголын төр эл ажлыг урагшлуулахын тулд хэдэн малчдыг ёстой л “долоох” шахаж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн ийм хууль давхар санаачилсан нь хачирхалтай. Төслийн үйл ажиллагаа хариуцсан нэгжийнхэн болон орон нутгийн удирдлагууд ч үүнийг гайхан хүлээж авснаа хэлсэн бөгөөд “болчимгүй үйлдэл” гэж тодотгосон. Магадгүй энэ нь УИХ-ын сонгууль угтсан “шоу”, иргэдээс “коко” үнэлгээ авах гэсэн оролдлого байж ч мэдэх юм.
Энэ бүхнээс харахад Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн эргэн тойронд үл ойлголцол, үл зөвшилцлийн “бужигнаан” болж байна. Албаны хүмүүс үүнийг хөшигний ард нууж, ажил урагшилж байгаа мэтээр ойлгуулахыг зорьж буй. Харин орон нутгийн иргэд аль чангаараа дуугарч, анхаарлын төвд орон, санаснаа биелүүлэхийг хичээх аж. Гэтэл зарим нь энэ “бужигнаан”-ыг өөрт ашигтай байдлаар эргүүлэхийг санаархаж эхлэв бололтой.