Өрнөдийн зүүний радикал үзэлтнүүдэд бидний сайн мэдэх, тэгэхдээ бараг мартаж эхэлж байсан Грета Тунберг гэдэг шинэ удирдагч гараад ирлээ. Cаяхны чих соотойлгосон мэдээллийн нэг нь хавтсан дээрээ байгаль хамгаалагч 19 настай охины зурагтай “Уур амьсгалын ном”-ыг Лондонд олон түмэнд танилцуулсан явдал байв. Энэ эмхэтгэлийг Гретагийн бүтээл гэхэд үнэндээ төвөгтэйг нуух юун. Утга зохиолын тоймч “Sunday times” сонинд “Грета Тунбергийн шинэ номд буйхамгийн сайн юм нь түүний ихэнххэсгийг Грета бичээгүйд байгаа юм” гэж тэмдэглэжээ. Үнэн хэрэг дээрээ энэ бүтээл нь нэрд гарсан идэвхтэн, шинжээчдийн цаг уурын талаар бичсэн эсээнүүдийн танилцуулга юм.
Шуугианыг ном биш, Гретагийн хэлсэн үг тарив. Шведийн энэ “хувьсгалч” үзэл бодлоо ямар айхавтар эрс шулуун, өргөн цар хүрээтэй илэрхийлсэн гээч. Ямар сайндаа энэ үгийнх нь дараа түүнийг “шинэ Ленин” гэхвэ дээ. Тэрбээр цаг уурын хямрал хийгээд ерөөс хүн төрөлхтөнд учирсан гай зовлонд капитализмыг буруутгаж орхив. Өнөөгийн эрхэм дээдэст энэ залуу илтгэгчийн тавьсан онош хурц хийгээд хатуу гэж. Зүүнтний шинээр гарч ирж байгаа үзэл сурталчийн бодлоор бол капитализмыг устгаж байж л манай гаргийг мөхлөөс аврахаж.
Грета Тунберг 2018 онд 15 настайдаа Шведийн Парламентын ордны дэргэд “Цаг уурын төлөө сургуулийн ажил хаялт” гэсэн үгтэй зурагт хуудас барьж зогсоод байгалиа хамгаалахыг уриалж байсан юм. Түүний энэ үйлдлийг дэлхий даяар талархан хүлээн авч “Ирээдүйн төлөө баасан гараг” нэртэй олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах болсон. Мөн онд Тунберг цаг уур өөрчлөгдөж буй асуудлаар НҮБ-ын чуулганд үг хэлсэн байдаг. Гретагийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж 2019 онд “Time” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд оруулсан төдийгүй “оны хүн” болгов. “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөөтэй 100 эмэгтэйн нэгээр тодруулж, 2019, 2020 онд нэрийг нь Нобелийн шагналд дэвшүүлж байлаа.
Грета Тунберг 2003 онд Стокхолм хотод дуучин, жүжигчин хоёрын гэр бүлд төржээ. Түүний өөрийнх нь хэлснээр цаг уур өөрчлөгдөж буй тухай найман настайдаа анх сонсож, хүмүүс үүний эсрэг яагаад ямар нэг юм хийхгүй байгааг ухаарахгүй байжээ. Тэглээ ч байгальд нүүрстөрөгчийн үзүүлэх нөлөөг багасгахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөхийг хоёр жилийн турш эцэг, эхдээ ятгаж, эцэст нь энэ айлынхан цагаан хоол идэж, агаарын тээвэр ашиглахаа больсон байна. Нэгэнт онгоцоор нисэхээ байснаас ээж нь дуурийн дуучны ажлаа орхихоос аргагүй болжээ. Байгаль хамгаалахын төлөө тэмцдэг “Fossilfritt dalsland” байгууллагын Бу Торен гэдэг хүн цаг уур өөрчлөгдөж буйг эсэргүүцэж cурагчид тэмцвэл яасан юм бэ гэсэн санааг Гретад хэлжээ. Энэ нь Флорида муж улсын сургуулиудад олныг хамарсан аллага болсныг Америкийн сурагчид бослого гаргаж эсэргүүцсэнээс санаа авсан явдал байв. Гретаг хүүхдүүд дэмжихгүй байсан тул тэрбээр есдүгээр ангид орсон 2018 оны наймдугаар сард ганцаараа хичээлээ хаяж есдүгээр сарын эхээр болох Шведийн Парламентын сонгууль болтол суулт хийв. Шведийн Засгийн газар цаг уурын өөрчлөлтөд анхаарлаа хандуулахыг тэрбээр шаардсан байна. Эхний долоо хоногт нь Гретагийн тэмцлийн талаар Шведийн зургаан томоохон сонинд бичиж, Швед, Данийн хоёр ч телевиз түүнээс ярилцлага авч, охин өөрийн улсын хоёр ч улс төрчтэй харилцан ярилцжээ. Тунбергийн тухай мэдээллийг түгээхэд анх түрүүнд оролцсон хүмүүсийн нэг нь PR мэргэжилтэн Ингмар Рентцхог бөгөөд охины нэрийг ашиглан олон сая ам.доллар цуглуулсан байна. Сүүлд нь өөртэй нь ярьж тохиролгүйгээр ийм үйл ажиллагаа явуулсныг нь арилжааны зорилгоор нэр төрийг нь ашигласан гэж үзэж Тунберг гомдол гаргасан аж.
Цаашдаа байгаль хамгаалахын төлөөх ганц хүний тэмцэл Европ даяарыг хамрав. 2018 онд 270 гаруй хотод 20 мянга орчим оюутан оролцсон бослого өрнөлөө. Цаг уурын асуудлаар НҮБ тусгай чуулган ч хийв. 2019 онд Дэлхийн эдийн засгийн чуулган дээр Грета үг хэлж, гуравдугаар сард нь Берлинд очиж Бранденбургийн хаалганы дэргэд олон мянган хүнтэй уулзалт хийж, цаг уурын хямралтай тэмцэхэд нөлөөлөхийг нэр цуутай хүмүүст уриалжээ. Дөрөвдүгээр сард нь Страсбургт Европарламентын төлөөлөгчидтэй уулзаж, Ватиканд Ромын хамба лам Францисктай санал бодлоо солилцоход ламтан “Охин минь бурхан чамд тусална, хийж байгаа ажлаа үргэлжлүүл, урагшаа” гэж хэлсэн байна. 2019 оны тавдугаар сард Арнольд Шварценеггер, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар Гретаг хүлээн авч уулзав.
2019 оны наймдугаар сард Грета Америкт очиж, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын цаг уурын асуудал эрхэлсэн тусгай хорооны хуралдаан дээр үг хэллээ. Есдүгээр сард нь НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохдоо цаг уурын хямралын эсрэг арга хэмжээ авахгүй байгаа орнуудын удирдагчдыг хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж, холбогдох байгууллагад гомдол гаргаж буйгаа мэдэгдэв. Канадын Монреал, Эдмонтон, Ванкуверт болсон эсэргүүцлийн жагсаалд ч оролцлоо. Монреалд болсон жагсаалд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо оролцож, Гретатай уулзжээ. Аравдугаар сарынх ньэхээр Испанид очиж НҮБ-ын бага хуралд оролцохдоо хүлэмжийн хий багасахгүй байгаа нь урьд жилүүдийн тэмцэл үр дүнд хүрээгүйн нотолгоо хэмээн мэдэгдэв. Австралийн Кармайклын нүүрсний уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэхээ зогсоохыг Германы“Siemens” компанид уриалав. Цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сараас Грета тэмцлээ интернэтээр үргэлжлүүлэх болжээ. Грета хийгээд бусад сурагчийн санаачилгыг дэмжиж буйгаа 2019 оны эхээр 224 эрдэмтэн ил захидлаар илэрхийлэв. 2019 онд Гретатай уулзахдаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Цаг уурын өөрчлөлтөд миний үеийнхэн зохих ёсоор хандаж чадаагүйг залуус мэдэрч, дургүйцэж байгаад гайхахюм үгүй” хэмээн өгүүлжээ. Тунберг шиг залуу идэвхтнүүд цаг уурын өөрчлөлтийг даруй анзаарахад улс орнуудын удирдагчдыг хүргэлээ гэж Германы Канцлер асан Ангела Меркель тэмдэглэж байв. Тунбергийг эсэргүүцэгчид ч цөөнгүй, тэд бас үгээ хэлцгээв. Австрийн Ерөнхий сайд Скотт Моррисон улсын маань хүүхдүүд дунд Тунберг “хэрэггүй гал ноцоолоо” гэсэн бол Оросын Төрийн тэргүүн Владимир Путин түүнийг “мэдээлэл муутай юм байна” хэмээн дүгнэсэн удаатай. Тунбергийг эсэргүүцэгчдийн тоонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч орж байлаа. Ийм хүмүүс төрөлх Шведэд нь ч цөөнгүй байв.
Байгалиа хамгаалах сэдлээр нисэх онгоц хэрэглэхийг эсэргүүцэгчдийн эгнээнд Тунберг багтдаг. 2019 онд Шведэд онгоцоор зорчигчдын тоо дөрвөн хувиар цөөрсөн бол галт тэрэг ашиглагчид өмнөх оныхоосоо найман хувиар нэмэгджээ. Эхэнд өгүүлсэн “Уур амьсгалын ном”-ыг Лондоны“Penguin”, Германы“S. Fisсher verlag” хэвлэлийн газар аравдугаар сард олны хүртээл болгов. Грета Тунберг дөрвөн номынхоо хоёрыг нь эцэг, эх, эгчтэйгээ хамтран бичжээ. Дөрөв дэх“Цаг уурын тухай” ном нь ч эрдэмтэн, шинжээчидтэй хамтарсан бүтээл аж. Энэ эмхэтгэлд Потсдамын цаг уурын өөрчлөлт судлах хүрээлэнгийн захирал, Шведийн эрдэмтэн Йохан Рокстрём, Францын эдийн засагч Томас Пикетти, Канадын зохиолч эмэгтэй Маргарет Этвуд, Техасын их сургуулийн эрдэм шинжилгээний төвийн захирал Кэтрин Хеихо, Германыцаг уур судлаач, цаг уурын гамшигт үзэгдлийн шинжээч Фридерик Отто болон бусад мэргэжилтний бичсэн өгүүлэл багтсан байна. Грета өөрийн хуримтлуулсан туршлагын талаар бичжээ. Байгаль хамгаалагчийн дүрд хуурамчаар тоглох нь энэ цагийн хамгийн том асуудал, бас хамгийн их найдвар гэж тэрбээр үздэг байна. “Энэ цаг үед амьдарна гэдэг хүн төрөлхтний түүхэнд их хариуцлага. Бид бололцоогүйг ч хийж бүтээж чадахыг цаг уурын тухай ном харуулж байна. Түүнийг бид яг одоо хийх ёстой” гэж Грета онцолжээ. Цаг уурын, эдийн засгийн гэх мэтчилэн хямрал хоорондоо холбоотой, тэдгээрийг хэрхэн сөрж болохыг ойлгоход энэ ном лавлах болно гэдэгт тэрбээр эргэлзэхгүй байгаа аж. “Хожимдоогүй дээрээ эрдэмтдийн үгийг сонс” хэмээн Грета уриалж байна. Түүний шинэ ном ирэх оны эхээр АНУ-д хэвлэгдэх юм байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант