Энэ сарын 13 буюу ням гаргийн 16.20 цагт Туркийн Истанбул хотын худалдааны төв гудамж Истиклалд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас зургаан хүний амиа алдаж, 81 хүн шархадсан. Халдлагыг хэн үйлдсэн нь тодорхой болоогүй байгаа ч Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган халдлага үйлдсэн этгээдүүдийг олж шийтгэхээ амлаад буй.
Сүүлийн үед монголчууд Турк улс руу явж, худалдаа арилжаа хийх болсон. Мөн аялал жуулчлал болон эмчилгээний шугамаар ч тус улс руу зорчих нь ихэссэн. Албан бус тоогоор тус улсад манай 6000 гаруй иргэн амьдарч буй гэсэн статистик бий.
Тэгвэл Гадаад харилцааны яамны Хэвлэлийн албанаас Истанбул хотод болсон халдлагад монгол хүн өртөөгүй. Нас барсан зургаан иргэн бүгд Турк улсын иргэн байсан хэмээн албан мэдээ өглөө.