ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украины дайны ерөнхий командлагч Сергей Суровикин илтгэлийн дараа Херсон хотоос цэргээ Днепр мөрний зүүн эрэг рүү татахыг тушаажээ.
Генерал Суровикины илтгэснээр, Украины Зэвсэгт хүчний пуужингийн довтолгоонд өртөж буй Каховская усан цахилгаан станцын далан сүйрсэн тохиолдолд тухайн бүс нутаг дэвсгэр усанд автаж, баруун эрэг дэх Оросын цэргүүд усанд боогдох магадлалтай аж.
Тиймээс орос цэргүүд ойрын хугацаанд Днепр мөрний зүүн эрэгт хамгаалалтын байдалд шилжих юм байна. “Цэргүүдийн маневрыг аль болох хурдан хийж, анги нэгтгэлүүд Днепр мөрний зүүн эрэгт инженерийн аргаар бэлтгэсэн хамгаалалтын шугамд байрлана" гэж Суровикин мэдэгдэв. Түүний саналыг С.Шойгу хүлээн зөвшөөрч “Оросын цэргийн алба хаагчдын амь нас хамгаас чухал. Бид бас энгийн иргэдийн аюулгүй байдлыг бодолцох ёстой. Цэргүүдээ татаж, хүн хүч, зэвсэг техникээ Днепр мөрнийг аюулгүй гатлуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авахыг үүрэг болгож байна” гэж хэлжээ.
Сүүлийн сар орчим хугацаанд Украины зэвсэгт хүчин Херсон хотын чиглэлд давшиж байгаа бөгөөд Оросын тал Херсон хотын 115 000 гаруй оршин суугчийг Крым болон бусад бүс нутаг руу шилжүүлжээ. Гэвч Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк “Оросын арми Херсоныг тулаангүйгээр орхиж байгаа шинж тэмдэг харагдахгүй байна” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.
Улмаар “Үг, үйлдэл хоёрыг ялгах хэрэгтэй. Херсон хотод Украины далбаа намирах хүртэл Оросын цэрэг гарах тухай ярих нь утгагүй юм" гэж Подоляк “Reuters” агентлагт өгсөн тайлбартаа хэлжээ. Түүгээр ч барахгүй Оросын цэргүүд тус хотод байрласан хэвээр байгаа бөгөөд ОХУ нэмэлт нөөц татсаар байгааг тэрбээр нэмж онцлов.
“Украин улс орон нутгаа телевизийн тавилттай мэдээлэлд биш харин тагнуулын мэдээлэлд үндэслэн чөлөөлж байгаа гэдгээ Михаило Подоляк мэдэгдсэн байна. Мөн Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак цахим хуудастаа "Зарим хүмүүс өөрсдийгөө маш зальтай гэж боддог. Гэхдээ бид нэг алхам түрүүлж явна" гэж бичжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам 2022 оны гуравдугаар сарын 14-нд Херсон хотыг хяналтадаа бүрэн авснаа мэдэгдсэн юм. Зургаан сарын дараа буюу есдүгээр сарын 23- 27-ны хооронд Херсон, Запорожье муж, түүнчлэн Донецк, Луганск бүс нутгуудад ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх тухай бүх нийтийн санал асуулга явуулсан. Санал хураалтын дүнгээр оролцогчдын дийлэнх хувь нь нэгдэхийг дэмжсэн байдаг. Есдүгээр сарын 30-нд Кремльд дээрх дөрвөн бүс нутгийг Орост элсүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болсон билээ.