БНӨСУ-д НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ Иргэн-цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулсаар ирсэн юм.
Энэхүү ажлын хүрээнд тус батальоны Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Аз жаргалыг бүтээцгээе” сайн үйлсийн аян зохион байгуулав. Уг аяны хүрээнд өөрсдийн гараар урлаж оёсон хувцас мөн сургалтын дэвтэр, үзэг бал, хүүхдийн тоглоомыг Бентью суурин дахь Дотоодын дүрвэгсдийн хуаранд амьдарч буй эмэгтэйчүүд, хүүхдүүдэд бэлэглэсэн ба тэднийг эрдэм номтой хүмүүс болж, эх орондоо сайн сайхан бүхнийг бүтээхийг хүслээ.
Мөн энэ үеэр Бентью суурингийн Дотоодын дүрвэгсдийн хуарангийн бүсийн зохицуулагч болон эмэгтэйчүүд, хүүхдүүдийн зүгээс бидэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Уг бүтээлч аянд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж буй 66 эмэгтэй цэргийн алба хаагчид оролцсон ба тэдний хувьд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх өргөн боломж нээгдсэнээрээ өндөр ач холбогдолтой ажил болов.