Сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг зохих ёсоор шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлж, шийтгэх талаар шаардлагатай арга хэмжээг авахыг ЮНЕСКО дэлхийн улс орнуудын засгийн газрын тэргүүнүүдэд хандан уриалж байгаагаа дахин илэрхийлэв.
Пүрэв гарагт тус байгууллагын тавьсан тусгай тайлангийн нэг хэсэг болох шинэ мэдээлэл нь дэлхийн хэмжээнд сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэлгүй үлдэх түвшин 86% хэвээр байгааг нотолж байна.
“Ийм олон тооны шийдэгдээгүй хэргүүд байгаа нөхцөлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах боломжгүй. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйд сөргөөр нөлөөлж байна. Сэтгүүлзүйн салбар нь аливаа ардчиллын эрүүл орчинд нэн чухал юм” гэж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азуле хэлэв.
Сэтгүүлчдэд зориулсан аюулгүй орон зай хомс байгааг тус тайланд мөн онцолжээ. 2020-2021 онд мэргэжлийнхээ улмаас амиа алдсан 117 сэтгүүлчийн 91 хүн буюу 78 хувь нь ажлын бус цагаар, тухайлбал гэртээ, машиндаа, гудамжинд амиа алдсан байна. Тэдний заримыг нь гэр бүлийнх нь нүдэн дээр хөнөөжээ.