Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Хоёр улс энэхүү тэгш ойн баярыг жилийн турш өргөн дэлгэр тэмдэглэж, түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүсээ алдаршуулан, Монгол, Японы найрамдал батжин бэхжихийг ерөөсөөр байна. Япончууд монголчуудын хувьд ямагт найдвартай түнш, туслан дэмжигч байсаар ирснийг сануулсаар буй энэ цаг үед Японы Засгийн газар Монгол Улсын Соёлын элч, хатагтай Сато Нориког “Мандах нарны хос цацраг” одонгоор шагнах болсон тухай баярт мэдээ хүлээн авлаа. Түүний шагналыг энэ сарын 9-нд гардуулах гэнэ.
“Мандах нар” одонг Японы эзэн хаан Мэйжигийн санаачилгаар 1875 онд бий болгосон. Энэ нь дотроо найман зэрэглэлтэй бөгөөд цэргийнхээс бусад салбарт гавьяа байгуулсан хүмүүст олгодог нэр хүндтэй шагнал юм. Харин “Мандах нарны хос цацраг” (бас “Алт, мөнгөн туяа” гэж нэрийддэг) одонг улс орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог онцлогтой. Энэхүү шагналын үндсэн шалгуур болох хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр Сато Норико өнгөрсөн жилүүдэд чамгүй олон ажил хийжээ.
Тэрбээр 1989 онд Японд болсон Нуур хамгаалагчдын олон улсын хурлын зохион байгуулагчаар ажиллаж байх үедээ “Монгол ньюс” компанийг үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдоржтой танилцсан нь Монголд хөл тавих, байгаль хамгааллын чиглэлээр түүнтэй хамтран ажиллах эхлэл болжээ. Хатагтай Сато түүний урилгаар 1990 онд нүүдэлчдийн нутагт анх ирснээс хойш манай улсад 230 гаруй удаа зочилсон байна. Энэ хугацаанд байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хоёр орны гүүр болсоор иржээ.
Тэрбээр морин хуурын аялгууг япончуудад танилцуулсан гавьяатай. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй хүнд хэцүү цаг үед уран бүтээлчдийн зардлыгшийдэж, Морин хуурын чуулгыг бүрэлдэхүүнээр нь арлын оронд тоглуулж байсан түүхтэй. Тэр цагаас хойш түүний ачаар япончууд морин хуурын аялгууг эх орондоо цөөнгүй удаа сонссон. Алдарт уртын дууч Н.Норовбанзад, ардчиллыг сэрээсэн “Хонх” хамтлагийг япончуудтай “уулзуулсан” хүн нь ч энэ эрхэм юм. Тэрчлэн холбогдох байгууллагуудтай хамтран 2011 оноос “Ногоон Улаанбаатар” төсөл санаачлан хэрэгжүүлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 600 гаруй мод тарьж, 300 орчим цэцэрлэгчийг мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна. Мөн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлэг, эмчилгээний төв байгуулжээ. Монголын хөдөөд япон хэлний сургууль байгуулсан нь өдгөө ч тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж. Сато Норикогийн сэдэж хийсэн, санаачлан эхлүүлсэн ажлыг дурдвал ер тоочоод барамгүй.
Аливаа улсын гадаад харилцаанд “ардын дипломат” хэмээн нэрлэдэг иргэд хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэг. Тэгвэл энэ харилцааг хөгжүүлэхэд, хоёр орны иргэдийг харилцан ойлголцож, дотносоход хатагтай Сато ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр 1991-2016 онд Япон, Монголын соёл, эдийн засгийн нийгэмлэгийн тэргүүн, 1997-2012 онд Осака дахь Монгол Улсын Өргөмжит консулын алба хашиж байв. Харин 2016 оноос хойш Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж буй юм.
Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрыг 2017 онд түр хугацаагаар хаах тухай яриа гарахад хамгийн их зовниж, харамсаж байсан хүн бол Сато Норико. Тэрбээр энэ асуудлаар холбогдох хүмүүстэй уулзахаар Монголд хүртэл ирж байжээ. Тэгээд “Осакагийнхан монголчуудыг овоо мэддэг болж, эрүүл мэнд, боловсрол, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамтарч эхэлж байхад ийм шийдвэр бүү гаргаач. Бид чадах чинээгээрээ тусалъя” хэмээн хэвлэлээр дамжуулан гуйж байсан юм. Тэр ийм л монголчуудад элэгтэй, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүн билээ. Японы эзэн хааны нэрэмжит “Мандах нарны хос цацраг” одонгоор шагнуулах болсон түүнд нийт монголчууд, уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Бид түүнд талархах учиртай.
Түүний 15 жилийн өмнө бичсэн "Талын салхи шиг 15 жил" дурсамж нийтлэлийг уншигч танд хүргэж байна.
Талын салхи шиг 15 жил
Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хавар төллөсөн унага тал нутагтаа өсөж томрон зун, намрыг өнгөрөөж, хахир өвлийг өнтэй давж, шинэ хаврыг угтдагийн адил улиран одсон 15 жилийн хугацаанд Морин хуурын чуулга маань бид бүхнийг хөгжмийн эгшгээрээ хөглөсөн сүр жавхлант хүлэг боллоо. Мяндаст хүлгийн эзэд болох Морин хуурын чуулгын авьяаслаг уран бүтээлчдийн уран тансаг аялгуут бүтээлүүд нь Монголын тал нутгийн салхийг сэвэлзүүлж, сэтгэлийн учгийг хөдөлгөдөг нь гайхалтай. Зүрхний гүнд хүрэх тэрхүү аялгуу нь халуун дулаан мэдрэмжийг төрүүлдэг. Хөгжмөөр дамжуулан мэдрэгдэх сэтгэл хөдлөл, харилцан ойлголцолд хил хязгаар гэж үгүй. Та бүхэн үлгэр, домогт гардаг далавчтай хүлэг мэт дэлхий ертөнцийг тойрон дүүлэн нис. Урьхан хавар айлчлан ирдгийн адил бүхий л цаг үед уянгалаг хөгжмийн эгшиг, аялгуугаараа хүн бүхэнд баяр, жаргал бэлэглэхийг хүсье.
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛТАЙ МОНГОЛ ОРОН 1990 ОН-МОРИН ХУУРТАЙ ТАНИЛЦСАН МИНЬ
Миний бие 1990 онд анх удаа Монгол Улсад ирэхдээ морин хуур хөгжимтэй учирсан юм. Морин хуур гэдэг хөгжмийг зүгээр л төсөөлж байсан бол анх удаа бодитоор харан догдолж, хөгжмөөс гарах уянгалаг аялгууг сонсоод сэтгэл ихэд хөдлөв. Энэ л аялгуу намайг одоог хүртэл Морин хуурын чуулгатай холбосон түүхтэй. Монгол Улсын хувьд 1990 он агуу том өөрчлөлтийн түүхэн жил байв. Дэлхийн түүхэнд бичигдэх асар том өөрчлөлтийг хийсэн улс байдгийг дуулаад би ихэд гайхаж байлаа. Тэрхүү 1990 онд төрсөн хүүхэд 17 нас хүрч насан биед хүрчээ. Сайнтай, муутай социализмын үеийг мэдэхгүй шинэ залуу үе бий болж байна. 1990 оны арванхоёрдугаар сард С.Цогтсайхан ахлагчтай “Хонх” хамтлагийг Японд урьж, урлаг, дуу хөгжмөөр дамжуулан өнөөгийн Монголыг Япон Улсад таниулсан билээ. Хэл нэвтрэлцэхгүй ч дуу хөгжмөөр дамжуулан Монголын тухай бидэнд өгүүлж байв. Тухайн үед Хитоцүбаши их сургуулийн профессор Кацүхико Танака, Ёкохама их сургуулийн профессор Накамото, Риккёогийн их сургуулийн профессор Кавасаки нар энэхүү тоглолтыг зохион байгуулахад гар бие оролцсон юм. 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, уртын дуучин Намжилын Норовбанзад Япон Улсад ирэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Ингээд хөөмийч С.Зундуй, морин хуурч И.Цогбадрах нарыг Япон Улсад урьж, олон хүний бүрэлдэхүүнтэй тоглолт зохион байгуулж, хөгжмөөр дамжуулан хамтын ажиллагаа өрнүүлсэн билээ. Хөгжим гэдэг зүйлээр дамжуулан олон зүйл бий болгож болдгийг дуу хөгжмөөс хол байдаг энгийн би эдгээр тоглолтыг зохион байгуулах явцдаа бие сэтгэлээрээ мэдэрч байв. Япон гэдэг мэдэхгүй улсад визэд найдаж, танил бус хотуудаар нааш цааш явдаг, ямар ч танилгүй, хэл нэвтрэлцэхгүй байж аялан тоглолтоор ирсэн хөгжимчид, дуучдадаа би маш их баярлаж талархдаг. Би энэ тоглолтуудыг зохион байгуулж чадах болов уу гэж өөртөө итгэлгүй байхад харин тэд надад итгэж бүхнээ даатгаж байдагт үргэлж баярладаг юм.
“ФҮКҮОКА”-ГИЙН УРЛАГИЙН АНХНЫ ШАГНАЛЫГ МОНГОЛ ХҮН ХҮРТСЭН НЬ
Уртын дуучин Н.Норовбанзад Фүкүока хотоос зохион байгуулдаг “Фүкүока-Азийн соёлын шагнал”-ыг 1993 онд хүртэж байв. Энэхүү шагналыг анх удаа урлагийн төрөлд монгол хүн хүртсэн нь энэ. Шагналын сан нь гурван сая иен байсан билээ. Ийм баяртай мэдээ гэж байх уу. Фүкүока хотоос энэ тухай мэдээг дуулаад шагнал гардуулах ёслолд миний бие Н.Норовбанзад гуайтай хамт очсон юм. Н.Норовбанзад гуай их гоё ногоон өнгийн дээл, сүрлэг өндөр малгайтай бөгөөд малгай дээрээ тогос шувууны өд хатгасан байв. Тайзан дээр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Тэнд хуран цугласан хүмүүс анх удаа монгол уртын дуу сонсож байв. Танхимд Монголын тал нутгийн салхи үнэртэх шиг мэдрэмж төрөхүйц гайхамшигтай сайхан дуулсан. Тэр үед Ц.Батчулуун гуай морин хуур тоглосон юм. Ёслолын дараа Фүкүока дахь NHK-д ярилцлага өгч, хотын даргатай уулзах зэрэг богино хугацааны завгүй хөтөлбөртэй байлаа. Тэр үед Н.Норовбанзад гуай ханьтайгаа ирсэн юм. Түүний хань үнэхээр халамжтай сайхан хүн байж билээ.
2006 онд эрдэм шинжилгээний салбараас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ШУА-ийн академич, түүхч, судлаач эрдэмтэн Шагдарын Бира гуай уг шагналыг хүртсэн. Энэ тухай Фүкүока хотоос надад хэлэхэд би мөн л тэнд очиж, баярт мөчийг хуваалцсан. Танхимд Монгол Улсын Элчин сайд, Японд суралцаж байгаа монгол оюутнууд, алдартай хамтлагууд зэрэг олон хүн цуглаж, хөл хөдөлгөөн ихтэй байсан нь 10 жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн нь мэдрэгдлээ. Эрдэмтэн Ш.Бира гуай эхлээд монгол хэлээр илтгэл тавьж, түүнийг нь япон хэл рүү орчуулж, харин дараа нь англи хэлээр илтгэл тавив. Монгол Улс хүнд хэцүү цаг үед ч эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлсэн тэрбээр эрдмийн салбарт шагнал хүртээд баяртай буйгаа илэрхийлэхэд миний сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй нулимс унагасан.
Монголоос жил бүр 10 орчим хүн Японд ирж тоглолт хийдэг уламжлал тогтоод байсан юм. Тэр жил Монгол Улсын Ардын жүжигчин, удирдаач Цэндийн Батчулуун, Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дуучин Шарын Чимэдцэеэ, Н.Сэнгэдорж гуай нар Япон Улсад хүрэлцэн ирээд тоглолтоо дуусгаад нутаг буцахынхаа өмнөх өдөр манай гэрт зочилсон. Манай зочны өрөөнд телевизээр сүмо бөх үзэж байсан Ц.Батчулуун багш “Сато Морин хуурын чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь Япон Улсад аялан тоглолт хийлгэх ажлыг зохион байгуулаач хө. Одоо манай чуулга 28 хүний бүрэлдэхүүнтэй. Бүрэн бүрэлдэхүүнээрээ Японд тоглолт хийвэл ёстой гайхамшигтай ажил болно” гэж хэлэв. Би гайхаад “5-6 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт зохион байгуулахад хэцүү байхад бүрэн бүрэлдэхүүнээрээ гэхээр их л ажил болно доо” гэхэд Ц.Батчулуун багш “Бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох бол гайхамшиг шүү” гэж хэлсэн. Үнэхээр тийм шүү.
Би анх удаа Морин хуурын чуулгын тоглолтыг үзээд эгшиг аялгуунд нь уярч, сэтгэл маш ихээр хөдөлсөн юм. Нэг л сэтгэлд дотно, зөөлөн хүчтэй мэдрэмж төрж, уйлж байлаа. “Үзэсгэлэнт Монгол”, “Уран Хас” вальс, “Сэрсэн тал”, “Зүүдний говь” зэрэг аялгуу ямар баялаг, ямар сайхан, сэтгэл хөдлөм бэ. Ж.Чулуун, Б.Шарав, Э.Чойдог, Л.Мөрдорж, Н.Жанцанноров гээд Монголын хөгжмийн урлагийн алтан үеийн авьяастай уран бүтээлчид яг тэнгэрт гялалзах одод мэт.
ДЭЛХИЙ ДАХИНАА ЭГШИГЛЭЖ ЭХЭЛСЭН МОРИН ХУУРЫН УЯНГАТ АЯЛГУУ
Морин хуурын чуулга байгуулагдаад удаагүй байсан үед надад нэг япон хүн “Энэ чуулга улсынх болохоор чөлөөтэй уран бүтээл хийж чадахгүй, удахгүй тарах байх. Дэндүү хайран юм. Одоо энэ сайхан аялгууг сайтар сонсоод аваарай. Н.Сато та тэднийг дэмжиж ажиллаарай” гэж билээ. Энэ чуулга тарж уран бүтээлээсээ завсарлага авч яасан ч болохгүй гэж бодсон. Тоглолтын дараа чуулгын хамт олонтой ярилцах боломж олдож, бид дотно яриа өрнүүлж, хүсэл мөрөөдлөө ярилцаж, бидний яриаг орчуулагч Бурмаа орчуулсан юм. Юуны түрүүнд Японд тоглолт зохион байгуулъя. Японд тоглолтоо хийгээд түүнээсээ урам зориг авах нь чухал. Уран бүтээлчдийн хувьд ч үүнийг заавал ажил хэрэг болгоё гэсэн нь биднийг нэг зорилготой болгов.
Миний хувьд Морин хуурын чуулгыг Японд төдийгүй дэлхийн тайзан дээр тоглуулах сан гэсэн бодолтой байлаа. АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”-д тоглохыг дэлхийн бүх уран бүтээлч зорилгоо болгодог. Тэдний зорилго ч энэхүү эрхэм тайз байв. Морин хуурын чуулга байгуулагдаад 15 жилийн ойгоо тэмдэглэхээс өмнө дээрх бүх зорилго, мөрөөдөлдөө хүрээд байсан юм. Япон Улс төдийгүй БНСУ, Америк, Канад, Франц, Итали, Швейцар улсын том тайзан дээр жил бүр тоглодог том чуулга болсон байлаа. Нара мужийн Каваками тосгоны “Ямабүки” танхимын нээлтийн тоглолтыг тэд хийв. Киото мужид байрлах дэлхийн өвд бүртгэгдсэн Чион-ин сүмийн Дайден дуганд ч тоглосон.
Монголын морин хуур хөгжим дэлхийн соёлын биет бус өвд бүртгэгдэв. Энэ бүхэнд Монгол Улсын Морин хуурын чуулга асар их үүрэг гүйцэтгэсэн гавьяатай. Нэг өглөө сэрэхэд АНУ дахь “Санкей” сонинд ажилладаг сэтгүүлч найз маань морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг дэлхийн соёлын биет бус өвд бүртгэсэн талаар хэлэв. Би тэр үед дөнгөж сэрээд орон дотроо байсан билээ. Энэ баярт мэдээг сонсоод хамгийн эхлээд Монголд байгаа Ц.Батчулуун багшид дуулгаж баяр хүргэсэн. Монголд мэдэгдсэн анхны хүн ч би болов. Ёстой сайхан баярт мэдээ. Энэ мэдээ бол миний хувьд үнэхээр “Тансаг бэлэг” байлаа.
2000 онд Тэрэлжид амарч байхдаа мориноос унаад гараа хугалсан тул нутагтаа ирээд хагалгаанд орж, удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэх болов. Морин хуурын чуулгын тоглолтыг зохион байгуулах хугацаа дөхсөн тул оёдлоо эдгэтэл эмнэлэгт хэвтэх хугацаа байгаагүй юм. Иймд эмчдээ хандан “Оёдлоо өөрөө авах тул намайг бушуухан шиг эмнэлгээс гаргаад өгөөч” гэж хэлтэл эмчийн нүд нь орой дээрээ гарах дөхсөн. Удаан хугацаанд гараа сойгоод чиг барьсан тул зүүн гараа өргөж чадахгүй байлаа. Ажлаа амжуулсаар бие минь ч дээрдэж, тоглолт ч болов. Тоглолтын үеэр миний дуртай “Адажио” тоглож өгсөн. Намуухан, хайрыг мэдрүүлэм сайхан аялгуу. Тэдний энэ сайхан аялгууг сонсоод сэтгэл дулаацан, зүрхний гүнээс баяр талар хал булиглаж байлаа. Тоглолтын дараа зөвхөн надад зориулсан “Адажио” бичсэн CD бэлгэнд өгөв. Ийм сайхан бэлэг авахын төлөө гараа хэдэн удаа хугалсан ч яах вэ гэсэн бодол төрж билээ.
ХҮНД ХЭЦҮҮ СОРИЛЫГ ДАВАН ТУУЛЖ ТЭД УЛАМ ХҮЧТЭЙ БОЛОВ
Энэ хүртэл туулж ирсэн тэдний хувьд зам дардан байгаагүй ээ. Тэд хүнд хэцүү сорилыг даван туулах бүртээ улам хүчтэй болж байлаа. Тэдний санаа сэтгэл нэгдэж, Ц.Батчулуун багшийнхаа удирдлагад хичээж ирсэн. Бүгд өөрийн гэсэн онцлог зан чанартай, хоорондоо эв түнжинтэй. Сэтгэлдээ гал цогтой. Завсарлагааны цагаар тэдний өрөөнд ороход инээд хөөрөөр дүүрэн, харин тайзан дээр бол эрхэмсэг, бас үзэсгэлэнтэй. Ёстой л домогт гардаг далавчтай хүлгүүд. Тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр тоглох дуртай. Гадаадад аялан тоглолтоор явахад орлого бага, зардал их учир бүрэн бүрэлдэхүүнээрээ явахад санхүүгийн хувьд хүндрэлтэй. Цөөхүүлээ явахад орлого, зардал нь таараад сэтгэл амар байж болох ч чуулга бүтэн бүрэлдэхүүнээрээ гучуулаа тогловол үзэгчдийн сэтгэлд илүү хүрч уран бүтээлийнхээ жинхэнэ өнгө аяс, гайхамшгийг мэдрүүлж чадна.
1997 оны арваннэгдүгээр сард чуулга бүтэн бүрэлдэхүүнээрээ анхны аялан тоглолтоо Хоккайдо, Хоншү, Шикокү, Кюүшюү хотод хийж, Япон орныг тойров. Нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй явсан билээ. Хоккайдод цас орж байхад замдаа уулын даваан дээр автобусаа зогсоогоод цасаар “байлдан” тоглож, харин Шикокү, Окинавад далайд сэлж тоглосон юм. Японы босоо тэнхлэгт урт арлуудын 14 муж хотод тоглолттой урт аялал байлаа. Япон даяар хийсэн аялан тоглолт олон хүний дэмжлэгтэйгээр амжилттай болж, одоо эргээд харахад үнэхээр талархууштай.
Бидний анхны том тоглолтууд, анхны том ажил байсан боловч бүгд халуун дулаанаар угтан авсан бөгөөд тоглолт бүрийн дараа үзэгчдийг хүлээн авч уулзах нөхцөл бүрдүүлж чадсан билээ. Хоккайдогийн “Китара” танхим дөнгөж ашиглалтад орж, нээлтийн тоглолтыг Английн Лондоны Филармони оркестр хийсэн юм. Харин үүний дараа манай Морин хуурын чуулга тоглолтоо хийсэн билээ. Хөгжим дуугаралтыг төгс шийдсэн гоёмсог танхим байв. Хоккайдо, Окинава, Кочи руу онгоцоор, Хоншү, Кюүшюү рүү автобусаар явцгаасан.
Уртын дуучин Н.Норовбанзад гуай Фүкүока хотоос зохион байгуулдаг “Фүкүока-Азийн соёлын шагнал” авснаас дөрвөн жилийн дараа бид тус хотод талархлын тоглолт зохион байгуулж, иргэдээс нь халуун дотно сэтгэгдэл хүлээн авсан юм. Тухайн үед сүмогийн Фүкүока башё болж таарсан бөгөөд чуулгын уран бүтээлчид бүгд тайзны хувцсаа өмсөж, монгол бөхчүүдээ дэмжихээр Сүмогийн ордонд очсон нь шууд нэвтрүүлгээр гарсан билээ. Тухайн үед Кёкүшюзан Д.Батбаяр сүмогийн ертөнцөд хүч чадлаа гайхуулж байв. Дараа нь бид Кочи мужид очиход тоглолтыг үзэхээр Мэйтокүгийн ахлах сургуульд суралцаж буй хүүхдүүд хүрэлцэн ирлээ. Одоогийн сүмогийн их аварга Асашёорюү Дагвадорж, Асасэкирюү Дашням нар уг ахлах сургуульд суралцаж байсан. Тоглолтын дараа уран бүтээлчидтэй халуун яриа өрнүүлж, эх нутгаа санасан сэтгэлээ тайлсан билээ. Япон дахь аялан тоглолтын сүүлийн өдөр уран бүтээлчид маань ярилцсан зүйлийг би огт мартдаггүй юм. Тэд бүгд “Морин хуурч болсон нь зөв шийдвэр байж”, “Морин хуур чуулгын хөгжимчин болсон минь хамгийн зөв сонголт” гэж хэлсэн нь миний хувьд бахархал байлаа.
Бид Осакагийн “Sepone hall”, Токио хотын “Сантори холл” зэрэг алдартай танхимд тоглолтуудаа зохион байгуулав. Мөн Японы эрхэм дээд ханхүү Акишинономиягийн өргөөнд ч уран бүтээлээ толилуулж чадсан. НҮБ-ын төв байранд уран бүтээлээ толилуулж, мөн есдүгээр сарын 11-ний халдлагад амь эрсэдсэн иргэдэд хүндэтгэл үзүүлж тоглолт хийлээ. Нью-Йорк хотод товлосон тоглолтоос хагас өдөр хоцрон миний бие тэнд очив. Нисэх буудал дээр Ц.Батчулуун багшийг хараад сэтгэл тайвширсан. Энэ бүх зүйлээс харахад зарим хүндрэл бэрхшээл нь цор ганц өвөрмөц, авьяаслаг Морин хуурын чуулгын нэр дэлхийд дурсагдах бэлтгэл байсан гэдийг ойлгож авсан юм.
Хөгжим гэдэг бол зах хязгааргүй, гүн гүнзгий ертөнц. Дэлхийд танигдана гэдэг бол амар зүйл биш. Морин хуурын чуулгын гайхамшгийг олонд таниулахын тулд олон улсын алдартай тайзан дээр тогтмол тоглох нь чухал. Тэднийг үргэлж тод гэрэлтэх од байгаасай гэж хүснэ.
Хэзээ нэгэн цагт тэднийг Японы алдартай “Сантори холл”-д тоглуулах сан гэсэн зорилго надад үргэлж байдаг байлаа. Яг тухайн үед “Сантори холл”-ын заалны захиалга хийж, нийт төсөв ирсэн юм. Төсөөлж байснаас үнэтэй. Яаж онгоцны тийзийн зардал, байрлах зочид буудлын зардлыг босгох гээд их л завгүй байлаа. Бидний хичээл зүтгэлийг ойлгодоггүй үе зөндөө гарна. Чуулгатай холбоогүй хөндлөнгийн хүнээс “Зуучлалын компанид хандвал ашигтай шүү дээ” гэсэн сэтгэлгүй хүйтэн хөндий үгийг ч сонсож байсан. Уран бүтээлчийн хувьд биш, зөвхөн ашгийн төлөө энэ нь зөв байх. Гэхдээ миний хувьд зүрх сэтгэлгүй зөвхөн ашиг, хонжоо харсан хүмүүс хөндлөнгөөс орж ирэхийг тэвчихгүй.
ШИНЭ ЭХЛЭЛ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР ДҮҮРЭН ТОГЛОЛТУУД
Тэдэнтэй учраад хэдийн 15 жил өнгөрчээ. Дөнгөж сургуулиа төгссөн залуучууд гэр бүл зохиож, хүүхэдтэй болж, амьдралын шатыг нэг нэгээр ахиж байлаа. Тэдэнд амьдралын жижиг, сажиг асуудлууд гарч ирнэ. “Мөнгө” гэсэн энэ үг хэзээд асуудал. Харин тэднийгээ яаж дэмжих вэ гэсэн бодол үргэлж толгойд минь бий. Эсвэл энэ хүрээд үүргээ өндөрлөх үү гэсэн бодол төрж байв. Ямар ч байсан би үргэлж Морин хуурын чуулгын хамгийн том, хамгийн үнэнч шүтэн бишрэгч хэвээр үлдэнэ.
Миний бие 2007 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод Ц.Батчулуун багш, Н.Жанцанноров, Ч.Даваасүрэн нартай уулзсан юм. Тэдэнтэй ярилцаж суухад Морин хуурын чуулга гайхалтай чадварлаг болсон, харин дараагийн алхмаа хийх хэрэгтэй зэргээр олон зүйл хэлэв. Тэр үед “Япон болон Азийн улсуудад хийх бүх тоглолтыг чи хариуц” гэж хэлэхэд надад итгэл хүлээлгэж байгаад ихэд баяртай байлаа.
Би үргэлж уран бүтээлчдийг хүндэтгэж, хайрлах ёстой гэж боддог. Тиймээс ч тухай бүрт нь тэднийг хамгийн гоё тайзан дээр тоглуулж, сайн зочид буудалд байрлуулж, сайтар амрааж, амттай хоол идүүлж, биеийн байдалд нь анхаарал хандуулж ирсэн. Зарим тохиолдолд санасандаа хүртэл анхаарал хандуулж чадахгүй ч үе гарч байлаа. Японоос явуулсан төгөлдөр хуур хөгжмийг дасгалын өрөөнд тавьсан нь дасгалын өрөөг улам л жижиг санагдуулна. Тэднийг илүү том өрөөтэй болгох, теимпани, вибрафон, ксилофон гэхмэтцохиур хөгжим, эвэр бүрээ, лимбэ зэрэг хөгжимтэй болгож, тайзны хувцсыг шинээр хийлгэх, цалинг нь ч нэмээд өгөх юм сан гэсэн бодол үргэлж байдаг. Бодох зүйл маш их байна.
Япон дахь тоглолтоо дуусгаад “Кансай” олон улсын нисэх буудлын урд хамтдаа төрсөн өдрийн бялуу идсэн, нэг гишүүний бие гэнэт өвдөж, шөнө дунд түргэний тэргээр эмнэлэг явсан. Нэг гишүүн маань зам мэдэхгүй төөрөөд, цагдаагийн машинаар зочид буудалдаа хүргүүлж байсан зэрэг хөгжилтэй түүх зөндөө бий. Замд тохиолдсон хөгжилтэй түүхээ яриад автобусандаа жаргалтайгаар инээлдэх нь үнэхээр эрч хүчтэй. Бидний бүх тоглолтын багийн ахлагчаар Монгол Улсын анхны Ерөнхий лөгч П.Очирбат явдаг. Учир нь түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад үүсгэн байгуулсан чуулга юм. Чуулгын хамт олонтой нэг автобусанд суугаад хамт инээлдээд л явна. Миний төрсөн нутаг бол Ямагүчи муж. Тиймээс тэнд үргэлж бусад аялан тоглолтоос өөрөөр өнгөрүүлж ирсэн. Тэнд үргэлж эрх дураараа, ая тухтай байсан. Ямагүчи дэх гэртээ зохион байгуулсан бидний үдэшлэгт хотын дарга хүрэлцэн ирж түүдэг галын дэргэд чуулгынхантай үүр цайтал ярилцаж суусан. Тэнд идсэн хатаасан илжгэн чих үнэхээр гоё амттай. Манай дүүгийн найзуудтай хэд хэдэн усан онгоцоор далайн аялалд гарахад “Титаник” киног дуурайж тоглосон нь санаанаас огт гардаггүй юм.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2007 онд тохиосон. Тэмдэглэлт ойн хүрээнд Япон Улсын Угсаа залгамжлагч хунтайж Нарүхито (одоогийн Цог жавхлант эзэн хаан) Монгол Улсад айлчилсан билээ. Энэ үеэр Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт Морин хуурын чуулга, симфони найрал хөгжимтэй хамтарсан тоглолтыг зохион байгуулав. Хунтайж эрдүү хийл хөгжмөөр “Хун” аялгууг Морин хуурын чуулгатай хамтран тоглолоо. Тоглолт болсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг тухайн үед Монголд олзонд байсан япон цэргүүд барьсан түүхтэй. Миний сэтгэл үгээр хэлэхийн аргагүй хөдөлж байв. Тухайн жилийн аравдугаар сард хийлч Ацүко Теммагийн тоглолт болсон юм. Хөгжим хүний зүрх сэтгэлд хүрч, даль жигүүр ургуулдаг гэдгийг би энэ үед илүү тод мэдэрсэн билээ.
Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдаад 15 жил болжээ. Монгол, Японыг холбосон энэхүү чуулгаар дамжуулан би олон хүнтэй уулзаж учирсан. Намайг дэмждэг олон хүний нэг бол миний ээж юм. Ээж минь чуулгын гишүүдэд япон үндэсний хувцас кимоно өмсүүлж, тэдэнд кимоно зохихыг нь хараад ихэд баярласан. Ээж маань одоо 92 насыг зооглож буй. Ээжийнхээ хэлэх дуртай үгээр энэхүү дурсамжаа өндөрлөе.
Япон Улс 1945 онд дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсан. Миний хүүхэд нас дайны дараах хүнд хэцүү он жилүүдэд өнгөрсөн юм. Нялх балчир биднийг амиараа дэнчин тавьж өсгөн хүмүүжүүлсэн ээж минь “Хөгжим гэдэг зүйл ямар ч зовлонгүй хил хязгаарыг даван туулна. Сайхан зүйлийг сайхан чигээр нь бидний зүрх сэтгэлд хүргэнэ. Хүнд хэцүү үеийг бие биедээ итгэх итгэлээр даван туулаарай. Та бүхэнд сайн сайхыг хүсье. Би үргэлж Та бүхнийг хүлээж байх болно. Дахин уулзахын ерөөл дэвшүүлье”.
Сато Норико