Тэрбумтан Илон Маск “Twitter”-ийг худалдаж авсныхаа дараа тус компанийн боловсон хүчний бодлогыг шинэчлэхээр шийджээ. Энэ тухай Bloomberg өөрийн эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Агентлагын мэдээлж буйгаар тэрбумтан “Twitter”-ийн нийт ажилчдын тал орчим хувийг халахаар төлөвлөсөн байна. 7,5 мянган ажилтны 3,7 мянга орчим нь цомхотголд орохын зэрэгцээ үлдсэн ажилчдыг зайнаас ажиллахыг хоригложээ. Эл арга хэмжээг компанийн зардлыг бууруулах зорилготой авсан гэнэ.
Өмнө нь Маск нийгмийн сүлжээний контентыг зохицуулах бодлогыг өөрчилж Twitter-ыг "үг хэлэх эрх чөлөөний тулгуур" болгохыг хүсч байгаагаа тэмдэглэсэн.
Илон Маск 10-р сарын 27-нд Twitter-ыг 44 тэрбум доллараар худалдан авах гэрээгээ дуусгасан юм. Тэрбээр худалдан авах шийдвэрээ хүн төрөлхтөнд туслах хүсэлтэй үүднээс гаргасан хэмээн тайлбарлаад соёл иргэншлийн хувьд янз бүрийн санал бодлыг эрүүл уур амьсгалд хэлэлцэх боломжтой нэг дижитал платформтой болох нь нэн чухал гэж үзэж байгаагаа тэмдэглэжээ.